“Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлтийг 2030 он гэхэд 53.5 сая тоннд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-17 17:57:19

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ)-ын ачаа тээвэрлэлтийг 53.5 сая тоннд хүргэх зорилт тавьсныг өнөөдөр болсон  “Улаанбаатар төмөр зам-2030” форумыг зохион байгуулагчид онцлов.

Уг форумд Монгол, ОХУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

Одоогоор УБТЗ нь жил 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. УБТЗ 2030 он хүртэл таван зүтгүүр шинээр авч, 450 км төмөр замд их засвар хийх аж. Мөн тоног төхөөрөмжөө орчин үеийн дэвшилтэт технологиор шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ бүх ажлыг гүйцэлдүүлэхэд 4.4 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Уг хөрөнгийн 50 хувийг УБТЗ өөрөө санхүүжүүлэх бол үлдсэн хэсгийг зээл, тусламж зэрэг бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын хойт хилээс урд хил хүртэлх Орос болон Хятадыг холбосон 1110 км урт гол төмөр зам нь “УБТЗ” хувь нийлүүлэгч нийгэмлэгийн эзэмшилд байдаг. Уг зам нь Европ болон Азийг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог. Тиймээс Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц үзүүлэх төмөр замын салбарыг хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа онцлов.

УБТЗ-аар тээвэрлэх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх гуравдугаар сард болох ерөнхий хорооны хурлаар тодорхой шийдвэрлэнэ хэмээн “Улаанбаатар төмөр зам”-ын ОХУ-ын талын Ерөнхий хорооны гишүүн В.Чикиркин хэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ