Сүхбаатар аймагт 1400 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-20 15:30:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт 1407 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Энэ нь 2015 оны улсын тооллогын дүн бөгөөд тус тооллогыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.  2015 оны тооллогоор Сүхбаатар аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгал таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалд хөшөө дурсгалаас гадна, эртний булш, сүм хийдийн туурь, отог бууц, эртний бичиг үсэг болон зурагтай хад гээд олон төрлийн дурсгал багтдаг.  2008 оны улсын тооллогоор 609 ширхэг дурсгал тоологдож байсан бол 2015 оны тооллогоор 798 ширхэг дурсгалыг нэмж тоолсон байна. Тооллогын үеэр арван хөшөө дурсгалд сэргээн засварлалтын ажил хийжээ.

“Угсаатны зүйн музей нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын үнэ цэнэ, дахин давтагдахгүй байдал, түүний ач холбогдлыг сурталчилах арга хэмжээг давхар хариуцдаг. Музейн сан хөмрөгийн хувьд зориулалтын нөхцөлд хадгалаатай байгаа учир ямар нэгэн эвдрэл, устаж үгүй болох зүйл байхгүй. Харин үл хөдлөх дурсгалын хувьд хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан элэгдэж муудах, устаж үгүй болох эрсдэлтэй. Тиймээс сумдын засаг дарга нар түүхийн дурсгалууддаа онцгой ач холбогдол өгдөггүй байдал ажиглагдсаар байгаа нь харамсалтай.  Тиймээс цаашид түүхийн энэ том өв соёлоо хадгалж авч үлдэхийн тулд хөшөө дарсгалыг хашиж хамгаалах орчин нөхцөлийг сайжруулах, байнгын харуул хамгаалалтанд авах шаардлагатай байгаа юм. Харин ингэхдээ тухайн дурсгалын үнэ цэнэ, утга санааг алдагдуулахгүй бйах хэрэгтэй. Энэ талаарх мэдлэг хөдөө орон нутгийн иргэдийн хувьд үнэхээр дутагдалтай байна...” хэмээн аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д. Ариундэлгэр хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ