Хорио цээрийн дэглэмийн улмаас сүү цагаан идээний үнэ өсөх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт малын амьтны гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор сүү, цагаан идээний эрэлт ихсэж, нийлүүлэлт багасчээ. Тиймээс үнийн хувьд өнгөрсөн жилүүдээс өсөх хандлагатай байгааг худалдаачид хэлж байна.
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байгаа эдгээр өдрүүдэд хүн бүр баярын бэлтгэлээ базааж, хөл хөдөлгөөн ихэсчээ. Ялангуяа сүү, цагаан идээний дэлгүүр олны хөлд дарагдаж байна. Учир нь сүү, цагаан идээний олдоц ховор байгаа юм. Худалдаачдын хувьд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, мөн нутгийн малчдын гар дээрээс болоод Улаанбаатар хотоос бөөндөж ирсэн цагаан идээг худалдаалдаг. Аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор мах махан бүтээгдэхүүн болоод, сүү цагаан идээ зөөвөрлөхийг хориглосон. Тэр ч утгаараа ид эрэлттэй байгаа өнөө үед сүү, цагаан идээ ховор байгаагаа дагаад үнэ нэмэгдэх хандлагатай байна.
Сүү цагаан идээний худалдаачин Г.Энхцэцэг, “Мэдээж анх худалдаж авсан үнэ дээрээ 2000-3000 төгрөг нэмж худалдаална. Тэгж байж түрээсийн хэдэн төгрөгөө олно шүү дээ. Хорио цээрийн дэглэмийн улмаас үнэ жаахан өсөх хандлагатай байна. Гэхдээ цагаан идээний хувьд одоо яг борлуулалтын үе учир үнэтэй гэхгүй хүмүүс авч байна. Харин буцаад бараагаа татах гэхээр багагүй хүндрэлтэй болоод байна...” гэдгийг тэрээр хэлж байна. Г.Энхцэцэг аймгийнхаа малчдаас болоод Улаанбаатар хотоос цагаан идээгээ татдаг гэнэ. Худалдааны төвд сарын 150 мянган төгрөгийн түрээс төлж бүтээдэхүүнээ борлуулдаг ажээ.
Сүхбаатар аймагт 02 дугаар сарын 20-ны байдлаар амттай ааруул нэг кг нь 12000, амтгүй ааруул 15000, шар тос 14000, цагаан тос 15000, сүү нэг литр нь 2300, айраг 4000, дугуй цагаан нэг ширхэг нь 600 төгрөгийн ханштай байна.
Т. Одончимэг