“Дүнжингарав” хаврын морин уралдааныг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-20 16:07:31

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийн байгууллагууд нэгдэн Засгийн газрын шийдвэрээр 2008 оноос хойш 2, 3 дугаар сард уламжлал болдог “Дүнжингарав” морин уралдааныг хүйтний эрч сулраагүй үед зохиохыг эсэргүүцэж буйгаа хэвлэлийнхэнд илэрхийллээ.

Хүүхэд, хүүхдийн төлөө ТББ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Норвегийн тусламжийн олон улсын байгууллага, Дэлхийн зөн Монгол, Бүх нийтийн боловсролын сангийн төлөө иргэний нийгмийн үндэсний эвлэл нэгдэн хүйтний улиралд морин уралдааныг зохиож буйд шүүмжлэлтэй хандав.

“Хаврын уралдааны бэлтгэл өвөл болдог. Хүүхдүүд өвлийн хүйтэнд сунгаа үсэргээнд орж, хавар уралддаг нь тэдний эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэж, 10 гаруй хүүхэд амь насаа алдсан тоо бий. Хурдан морины уралдаан төрт ёсны түүхэн уламжлал мөн боловч өвөл, хаврын улиралд морин уралдаан зохиодог жишиг байгаагүй. Үндэсний төв архивын сан хөмрөг дэх 1803-1920 оны Улсын баяр наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд зөвхөн 8-11 дүгээр сард даншиг наадам хийдэг байсан” хэмээн Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн ярив.

Харин Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан ярихдаа, “Өвөл, хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулдаг. Хүүхдүүд стандартын дагуу хувцас, хэрэглэлтэй байсан ч хүнд, хөнгөн бэртэл авдаг. Хүйтний улиралд хүүхдийн нүд гэмтэх, унаж бэртэхээс гадна осгох магадал өндөр. Гадаа хасах 5 хэмийн хүйтэн байсан ч хурдан морь унач хүүхдийн хувьд хасах 20 хэмийн хүйтнийг мэдэрдэг. Ийм нөхцөлд хүүхэд 30 минут давхихад л осгодог. Мөн хавар цас бүрэн арилаагүй үед үлийний нүх, чулуу зэрэг саадыг харалгүй унаж бэртэх явдал цөөнгүй гарсаар байна. Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл энэ тушаалыг үл харгалзан өнгөрсөн онд хаврын уралдааныг зохион байгуулсан. Энэ жил ч гэсэн дахин зохион байгуулах гэж байгааг бид эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн тэд хаврын морин уралдаан хүүхдийн сурч боловсрох эрхэнд сөргөөр нөлөөлж буйг хэлж байна. Тухайлбал хүүхэд уралдаанд оролцохын тулд 30 орчим хоног сургуулиасаа чөлөө авч, хичээлээс хоцордог аж. Өлзийт хороолол, Налайх дүүрэг, Төв аймгаас хүүхдүүдийг уяач нар эцэг эхээс нь удаан хугацаагаар хөндийрүүлэн хурдан морь унуулдаг. Ингэснээр олон хүүхэд сургуулиас завсардсан тоо баримт ч бий аж.

М.Аминаа

Холбоотой мэдээ