Таван мянган иргэнээ ажлын байртай болгох зорилт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 17:10:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байр бий болгохоор тусгажээ.

Энэхүү ажлынхаа хүрээнд уул уурхайд болон аялал жуулчлалын шугамаар ажлын байр олноор бий болгох, нутгийнхаа иргэдийг уул уурхайд түлхүү оруулах тал дээр анхаарах аж. Тус аймгийн нутаг дэвсгэрт 13 уул уурхайн компани тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уурхайд орон нутгаас ажиллах хүчээ авах,  ханган нийлүүлэлтийг орон нутгийн кампаниудаар хийлгэх талаар уулзалтуудыг иргэд болон уул уурхайн компанийн удирдлагуудтай удаа дараа хийсэн юм. Мөн тус аймагт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр  төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хөрш орнуудын аялагчдыг татах, аялал жуулчлалын урсгалыг бий болгох юм байна. Үүнийгээ дагаад ажлын байр бий болно гэж үзэж байгаа гэнэ.

Дээрх 5000 ажлын байрыг дөрвөн жилдээ бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Уул уурхай дагасан ажлын байруудад иргэдээ оруулахын тулд боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байгаа. Үүний тулд англи хэлний болон уурхай дагнасан мэргэжлийг олгоход анхаарч байна" гэлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ