Зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдийг нүүлгэж буйг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-02-22 16:13:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл бүхий 70 гаруй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг албадан ачиж эхэлсэн талаар иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэрийн газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх боломжийг бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Нийслэлийн газрын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдийг ачиж, газар чөлөөлөх арга хэмжээ авч  байгаа аж.

Үүний зэрэгцээ НИТХ-ын тэргүүлэгчдийн гурван жилийн өмнө гаргасан 56 дугаар тогтоолын дагуу түр зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдийг ч мөн  албадан ачиж байгаа гэнэ. Уг 56 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул зөвшөөрлийг шинээр сургахгүй хэмээн нийслэлээс мэдэгдсэн байна.

Дээрх хоёр дүүрэгт 10-20 жил ТҮЦ-ийн үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа 70 гаруй иргэн байдаг бөгөөд зөвшөөрөлгүй дур мэдэн байршуулсан ТҮЦ-үүдийг биш, зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдийг шөнийн цагаар нүүлгэж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлэв. 

Б.Гаваа

Холбоотой мэдээ