"Төрийн гэрэгэ”-г "Говь", "Эрдэнэт хивс" компани хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-23 11:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

Энэ жилийн шагналын эзнээр Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр, "Натурал тестайл" группын “Эрдэнэт хивс” компани тус тус хүртлээ. Шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус компанийн удирдлагуудад гардуулж, баяр хүргэлээ.

“Говь” үйлдвэр нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” компани нь жилдээ 1100 тн түүхий ноос ноолуур, 30 тн бөмбөгөн ноос ноолуур, 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100 хувь эх орондоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Тус компани нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 85 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоонд зүй ёсоор ордог. Өнгөрсөн онд улсад 8 төрлийн 13,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 2016 онд 20,165 ш пальто үйлдвэрлэсэн ба энэ онд 100 мянган ш пальто үйлдвэрлэх зорилт тавьсан юм. Анх хувьчлагдах үедээ жилд 100 пальто үйлдвэрлэж, 30-ыг нь борлуулж байсан бол өнгөрсөн онтой харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ 200 дахин, борлуулалт 500 дахин өссөн байна.

2016 оны байдлаар гадаад улсад 53 франчайз дэлгүүртэй байсан ба он гараад БНХАУ-ын Эрээн хотод охин клмпани байгуулж, нэрийн дэлгүүрээ нээсэн юм. Ирэх 2 дугаар сард Бельги улсын Брусель хотод нэрийн дэлгүүрээ нээх гэж байна. 2021 онд 80 франчайз дэлгүүр, 21 нэрийн дэлгүүртэй болж, дэлхий даяар бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилт тавиад буй.  Тус компани одоогоор 1800 ажилтантай.

“Эрдэнэт хивс” компани нь 1981 оны 10 дугаар сард ашиглалтад орж 35 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч юм.

Тус компани нь хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар 80-100 хувийн хонины ноосон агууламжтай хивс үйлдвэрлэж байна. Эднийх улсын болон орон нутгийн төсөвт 5,6 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байна.

Онцлоход “Эрдэнэт хивс” компани Монгол Улсын хивсний үйлдвэрлэлийн 91,3 хувийг дангаараа үйлдвэрлэж хивсний хэрэглээний 75 хувийг ханган нийлүүлдэг байна. Мөн түүнчлэн гэрийн эсгий, хос гутал, эсгий шаахай, эсгий гудас, барилгын дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Ховд аймагт салбар дэлгүүртэй ба борлуулалтын зах зээлээ өргөтгөж Бээжин, Шанхай хотод төлөөлөгчийн газартай. Мөн Хятад, Япон, Турк, Энэтхэг зэрэг 20 гаруй улс оронд борлуулалт хийдэг.  Нийт 300 гаруй ажилтантай.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ