Мэдээллийн технологийн аудит нь байгууллагын тогтвортой ажиллагааг хангадаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгосны үндсэн дээр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулж байж л тогтвортой, найдвартай ажиллах нөхцөл бүрдэхээс гадна дампуурлаас сэргийлж чаддаг гэдгийг монголчууд ойлгож хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Өнөөдөр дэлхийн улс орнууд зайлшгүй хэрэглэх болсон энэ дэвшлийг хэрэгжүүлэх зорилгоор “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” сэдэвт уулзалт семинарыг Мэдээлэл технологийн үндэсний парк-т зохион байгуулав.
Энэ үеэр Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамиртай уулзаж ярилцсан юм.
-Өнөөдөр зохион байгуулж байгаа энэ уулзалтын ач холбогдол, үр дүнгийн талаар таны сэтгэгдлийг сонсоё?
-Бид мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох зорилгоор анх удаагаа энэ уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Дан ганц салбарын мэргэжилтнүүдээс гадна бусад салбарын мэдээллийн технологийн аудитын тогтолцооны асуудлыг ч хөндөн ярилцах юм. Энэ уулзалтаас бид мэдээллийн технологийн аудитын тогтолцоо /МТАТ/-г хэрхэн яаж бий болгох, эрх зүйн орчинг яаж сайжруулах, аудитын байгууллагын үйл ажиллагааг нэвтрүүлэх үндсэн төлөвлөгөө, зорилго болон хэрэгжилтийн талаар зөвлөмж гаргах зорилготой.
-Манайд мэдээллийн технологийн аудитын тогтолцоо ямар түвшинд байгаа. Олон улсад хэрэгжиж байгаа туршлагын талаар юу хэлэх вэ?
-Монголд өнөөдөр мэдээллийн технологийн эрх зүйн орчин бүрдээгүй байгаа бөгөөд энэ чиглэлд л бид ажиллаж байна. Бусад салбарын хувьд мэдээллийн технологийн аудитын тогтолцоог тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа тохиолдол бий. Тухайлбал, ялангуяа банкнуудын хувьд, гадаадын компани манайд салбараа нээсэн байдаг, тэд энэ аудитын тогтолцоог ашиглаад үйл ажиллагаагаа тогтвортой, найдвартай болгох чиглэлээр ажиллаж байна. Ер нь мэдээллийн технологийн аудит гэдэг нь тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэдэг. Дампуурахаас сэргийлдэг. Тухайн мэдээлэл байгаа эсэхийг нягталдаг ийм тогтолцооны хэлбэр юм. Олон улсад энэ чиглэлийн хуулиуд болон стандартууд байдаг. Манайд ийм стандартууд байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Мөн олон улсад хэрэгжиж байгаа бусад стандартыг нутагшуулах чиглэлээр ажиллах шаардлагатай гэж үзэж байна. МТАТ нь аль эрт олон улсад хэрэгжээд эхэлсэн. Санхүүгийн аудиттай хамт мэдээллийн технологийн аудит нь давхар хийгдэж явдаг. Учир нь тухайн мэдээлэл нь үнэн зөв эсэхийг давхар нотлодог гэдгээрээ чухал ач холбогдолтой.
-Анх энэ уулзалтыг ямар зарчмаар зохион явуулж байгаа бол?
-Өнөөдрийн уулзалтанд 60 гаруй байгууллагын 100 орчим хүн оролцож байна. Энд мэргэжлийн хүмүүсээс гадна эрдэм шинжилгээний болон багш, эрдэмтэд, банк, төрийн байгууллага болон мэдээллийн технологийг ашигладаг бүх л байгууллагын төлөөлөл ирж харилцан санал бодлоо солилцож байгаа гэдгээрээ онцлогтой.
Д.Өлзий