"Бүс ба Зам" санаачилга эрэлт нэмэгдэхэд нөлөөлнө гэж Монгол дахь уул уурхайн компаниуд найдаж байна

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-02-23 15:24:06

ВАШИНГТОН. /CNBC/. Хятад улсын “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилга нь Хятад болон Оросын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, алс холын Зүүн Европын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгнө гэж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд найдаж байна.

Ган хайлах үйлдвэрт хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг болох коксжих нүүрсний эрэлт Хятадад сэргэж байгаа хэдий ч Монголд дэд бүтэц, ялангуяа төмөр замын сүлжээ хязгаарлагдмал байгаа нь зах зээлүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд ихээхэн саад болж байна гэж Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Пол хоёрдугаар сарын 21-нд Америкийн CNBC телевизэд утсаар ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Урт хугацаанд, Азийг Ойрхи Дорнод болон Европтой холбох орчин үеийн “Торгоны зам” худалдааны маршрутыг дахин гаргахад чиглэсэн Хятад улсын хүчин чармайлт нь энэ саад тотгорыг арилгана гэж уул уурхайн компаниуд найдаж байна.

Дэвид Полын хэлснээр, “Нэг Бүс ба Нэг зам” санаачилга болон Монголын төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийснээр Хятад болон Оросын зах зээл, цаашилбал Европын зах зээлд монголчууд нэвтрэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Шинэ зах зээлүүдэд нэвтрэхэд урт хугацаа орох учир Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Aspire Mining” гэх мэт компаниуд болгоомжилсон хэвээр байна.

Пол хэлэхдээ “коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтворжоод байна. Ашигт малтмалын үнийн уналтын оргил үед буюу 2014 онд бидний хувьд хөрөнгийн зах зээл бүрэн хаалттай байсан” гэжээ.

Түүний сацуу, Умард Солонгосоос нүүрс импортлохыг БНХАУ хориглосонтой холбоотойгоор Монголын коксжих нүүрсний эрэлт ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байна. Монгол энэ боломжийг алдахгүй байх хэрэгтэй гэж Хонконгт төвтэй “Asia Frontier Capital” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Томас Хаггер хэлэв. /2017.02.22/

/http://www.cnbc.com/2017/02/22/mongolian-coal-miners-bet-on-one-belt-one-road-to-feed-demand.html/

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ