Яаралтай тусламжийн сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Эрүүл Мэндийн хөгжлийн үндэсний төв болон “Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэг”-тэй хамтран “Амилуулах суурь тусламж”-ийн сургалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулав.
Яаралтай тусламжийг газар дээр нь цаг алдалгүй зөв үзүүлснээр эрдэнэт хүний амь насыг түргэн аврах боломжтой болно хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Ухаангүй хүнд үзүүлэх тусламж, осол гэмтэл, хөлдөлт, осголт, түлэгдэлт, цус алдалт, хахах, зүрх зогсох үед анхан шатны тусламж үзүүлэх, гэмтсэн болон цус харвасан хүнийг автомашинаар тээвэрлэх зарчим зэрэг онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэгийг сургалтаар олгосон байна. Уг сургалтад аймгийн 23 сумын 80 эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Төв аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Олон улсын туршлагаар “Амилуулах тусламж үзүүлэх” чадварыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид болон нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудад эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг байна. Иймд цаашид аймгийн хууль сахиулах байгууллага болон нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг хамруулах аж.
Дашрамд дурдахад, Сүүлийн үед улсын хэмжээнд осол, гэмтэл, хордлого зэрэг гадны шалтгаант нас баралт эрс нэмэгдэж байгаа ба аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 12-р сарын байдлаар нийт нас баралтын 9,88 хувийг гадны шалтгаант нас баралт эзэлж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Т.Есүхэйтөмөр