ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын төсвийг 2016 оны төсөвт суулгахыг УИХ-ын гишүүдэд уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-20 16:49:03

ХСҮТ-ийн өргөтгөлийн  барилгын төсвийг 2016 оны төсөвт суулган хорт хавдрын улмаас шаналж буй хүмүүсийн амь насыг аврахыг УИХ-ын дарга, гишүүдэд уриалж буйгаа “Хавдрын эсрэг хамтдаа” фэйсбүүк группын гишүүд өнөөдөр мэдээллээ.

“Өвчиндөө шаналсан олон иргэд ор гарахыг хүлээж, зарим нь хагалгаандаа орж чадахгүй хорвоог орхиж байна. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орны хүлээгдэл эрс багасч оношилгоо, эмчилгээний хүртээмж эрс сайжирна. Мөн гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасган эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж бид найдаж байна” хэмээн группын үүсгэн байгуулагч Э.Сувдмаа ярилаа.

Тус групп нь хавдраар өвчилсөн болон хавдраар дотны хүнээ алдсан хүмүүсийн нэгэндээ зөвлөгөө өгдөг, туршлага судалж мэдэх, урьдчилан сэргийлэх мэдлэг түгээх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагджээ. Группын 3000 гишүүн нэгдэж, ХСҮТ-д компьютер томографи аппарат суурилуулж, өргөтгөлийн барилгын хөрөнгийг 2016 оны улсын төсөвт  оруулахыг ийнхүү УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа юм.

 Мөн группын гишүүд, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн санаачилсан “Цензургүй яриа хавдрын эсрэг” аяныг дэмжин оролцож буйгаа хэллээ.

ХСҮТ-ийн өргөтгөлийг барьж, шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулахад нийт 3 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ