Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализын тасаг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваний Засгийн газар болон Тайваньд байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000 ам.долларын үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч гемодиалезийн тасгийг нээлээ.
Тус тасгийг нээхээс өмнө Тайваны Тайпей төв эмнэлэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр гемодиалезийн чиглэлээр сургасан нь бөөрний архаг дутлын улмаас Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтнүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гемодиализийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа. Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна.
Нээлтэд Тайваниас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй төлөөлөгчид болон Увс аймгийн ИТХ-ын дарга Э. Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, НХХ-н дарга С.Амраа, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Ж.Болор