Төрийн болон хэвийн хэвшлийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 14:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг угтан өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болов.

Хэлэцүүлэгт ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр санал бодлоо солилцов.

Хэрэглэгчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байхгүй юм. Тиймээс дэлхийн бүх байгууллага “Хэрэглэгч бол хаан” гэсэн ганц зарчмыг баримтлан ажилладаг гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагваа онцлов.

Тэрбээр, “Манай байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. ШӨХТГ хяналт, шалгалт хийж, аж ахуйн нэгжид торгууль, шийтгэвэр ногдуулах бус хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, хууль, тогтоомжийг сурталчилан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар хэвийн хэвшил болон төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард “Номин Холдинг” компанитай хамтран “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй өдөрлөг, аравдугаар сард 50 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан “Хэрэглэгчээ дээдэлсэн бизнесийн хөгжил” хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэлээ.

Тус байгууллага иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “1284” төв байгуулсан. Уг төвд энэ оны эхний сард 213 өргөдөл ирсэн байна. Өргөдлийн 36 хувь нь орон сууц, нийтийн аж ахуйн, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байсан бол үлдсэн хэсэг нь худалдаа үйлчилгээний салбарт хамаарч байгаа юм. Иргэдийн өргөдөлд дүгнэлт хийхэд үйлчилгээний байгууллагууд нь санамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж хэрэглэгчдийг хохироох, хохирлыг нь барагдуулдахгүй байх, санал хүсэлтэд нь шуурхай хариу өгдөггүй зэрэг нийтлэг зөрчил давамгайлсан байна.  Тиймээс ШӨХТГ-аас 2017-2018 онд улсын хэмжээнд бүх салбарт үзлэг, хяналт шалгалт явуулах, Засгийн газрын ивээл дор хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Үнэт цаас, даатгал, хадгалж зээлийн хоршооний үйл ажиллагаанд хяналт тавьдаг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд иргэдийн хувьцааг зөвшөөрөлгүй арилжаалсан, ногдол ашиг өгдөггүй, даатгалын байгууллагууд жолоочийн эрсдлийн нөхөн төлбөр олгодоггүй зэрэг өргөдөл түлхүү ирдэг байна. Тус байгууллага 2013 онд нийт 813 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан бол одоо 2077 болж нэмэгджээ. Тиймээс санхүүгийн салбартай холбоотой хууль, тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгааг СЗХ Хяналт шалгалт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ариунаа танилцуулав.

Харилцаа холооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд 2015 онд 35 гомдол ирж байсан бол 2016 онд 75 болжээ. 2016 онд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар нэр дэвшигчдийн нэр төрд халдсан тухай 40 гомдол ирсэн нь өргөдлийн тоо нэмэгдэх шалтгаан байсан гэдгийг тус хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мандахнаран хэллээ.

Тэрбээр, “Манай байгууллагад мэдээллийн цахим хуудасууд нэг нэгнээсээ мэдээ мэдээлэл хуулбарласан тухай гомдол их ирдэг. Цахим сэтгүүлч зүйг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй тул бид хариуцлага тооцох боломж байдаггүй. Харин тухайн мэдээллийг аль цахим хуудсын хэн гэдэг сэтгүүлч хамгийн анх нийтэлсэн бэ гэдгийг гаргаж өгдөг. Энэ асуудлыг зохицуулсан хууль, эрхзүйн орчин шаардлагатай” гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ, Засгийн газар болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, аж ахуйн нэгжүүдэд хандсан зөвлөмж гаргав.

УИХ, Засгийн газарт Хэрэглэгчийн эрхийг хамгаалан тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжийг шинэчлэн найруулах, ШӨХТГ-ын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, орон нутагт орон тооны улсын байцаагч ажиллуулахыг зөвлөв. Харин ТББ-уудад төрийн байгууллагуудтай ажил хэргийн харилцаа, холбоогоо сайжруулах, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй идэвхтэй хамтран ажиллах, хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдлийн талаар судалгаа явуулахыг зөвлөсөн байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хуулийг чанд мөрдөх, хэрэглэгчийн бодит мэдээллээр хангах, санал хүсэлт хүлээн авах алба байгуулах, ажил үйлчилгээний чанар, аюулогүй байдлыг хангахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөлөө.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ