“Ламбугайн нулимс” дуурь үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.УДБЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Ламбугайн нулимс" дуурийг маргааш үзэгчдэд өргөн барина.
Дуурийн цомнолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал бичсэн бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж анх 1986 оны 5 дугаар сарын 10-нд тоглож байв.
XIX зууны Монголын бодит амьдралыг харуулсан энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.
Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд хөсөр хаягдан үлдэнэ.
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн тасалбар 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын кассаар болон онлайнаар https://www.ticket.mn/event/205/ болон 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой.
Ж.Болор