Иргэдийн гар утсанд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг мессэжээр илгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:47:01

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг Дундговь аймгийн иргэд, малчид гар утсандаа хүлээн авдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Одоогийн байдлаар цаг агаарын онцгой үеийн сэрэмжлүүлэг мэдээг 4 удаа 10 мянга 82 өрхөд гар утасны мессэжээр хүргэсэн гэдгийг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.

УЦУОШ- ний газар сумдад ажилладаг цаг уурын ажиглагч нарт цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг өгч, тэд Скайтел компанийн интернэт модемийг ашиглан тухайн сумынхаа иргэд, малчдын гар утсанд мессэж илгээн мэдээг дамжуулдаг.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөр гар утасны мессэж ашиглан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ дамжуулдаг энэхүү сүлжээг үүсгэж, оны эхнээс ашиглаж эхэлсэн байна.

“Одоогоор Дэлгэрхангай сум скайтелийн сүлжээгүй, Дэлгэрцогт сум цаг уурын харуул байхгүй учраас аймгийн төвийн “Мандалговь” өртөөнөөс тухайн сумын иргэдийн гар утсанд мессэж илгээдэг. Нэг суманд 120- 150 гаруй иргэний гар утасны дугаар бүртгэлтэй байгаа. Бүртгэлтэй дугаар бүрт мессэж очдог гэж УЦУОШ- ний газрын дарга Я.Мажаасүрэн хэллээ.

Гар утсандаа цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ авахыг хүссэн иргэд гар утасныхаа дугаарыг цаг уурын өртөө, харуулуудад бүртгүүлдэг ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ