UB Art Gallery-д 22 эмэгтэйн гоо сайхны ертөнцөөр аялах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-13 17:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд 2017 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн сарыг “Be Bold for Change” буюу “Өөрчлөлтийн төлөө зоригтой бай” уриан дор тэмдэглэж байна.

Энэ хүрээнд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ нь “IC Creative Division” студитэй хамтран АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр “Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр UB Art Gallery-д нээлээ.

Тус үзэсгэлэнгээр дамжуулан гоо сайхан бол тогтсон, хэвшмэл ойлголт биш болохыг харуулахыг зорьжээ. Үзэсгэлэнд эмэгтэй хүний биеийн гоо сайхан, өөртөө итгэх итгэлийг тунхагласан дэлхийн алдарт уран зургуудаас сэдэвлэн, гэрэл зургаар амилуулсан өөр өөрийн онцлогтой 22 бүтээлийг толилуулж байна.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Д.Золзаяа хэлэхдээ, “Бид зөвхөн сонин сэтүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй туранхай, өө сэвгүй загвар өмсөгчид эсвэл одуудыг “Сайхан бие”-тэйгээр төсөөлж, дийлэнх нь тэдгээр эмэгтэйчүүдтэй өөрсдийн биеийг харьцуулан харж, тэдэн шиг “төгс” байж чадахгүйдээ сэтгэлээр унаж, гутардаг. Энэ нь өөртөө үл итгэх байдал, хооллох дурын эмгэг болон бусад сэтгэл зүйн сөрөг үр дагавраас хамааралтай байдаг. Үзэсгэлэнд оролцсон бүсгүйчүүд өөр өөр цаг үеийн гоо сайхныг харуулсан уран бүтээлүүдийг өөрсдийнхөөрөө амилуулж, гоо сайхны явцуу ойлголтыг эвдэхийг илэрхийлсэн. Тиймээс охид бүсгүйчүүдийг өөрийн биеийн галбиртаа эерэг хандлагатай, өөрчлөлтийг зоримог хийж, хүн бүрийн биеийнхээ гоо сайхныг олж харахыг уриалж байна” гэв.

Уг үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал олон нийтийн хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ