Хангайн бүсийн уралдаанд 400 гаруй хурдан хүлэг уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-14 00:33:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт  “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын хурдан морины азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэсэн ангилалд уралдаан болж уралдаанд 16 аймаг, 3 дүүргийн 230 гаруй уяачдын 400 гаруй хурдан хүлэг шандас сорилоо.

 

“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын морин уралдаан эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэлж 40 гаруй хурдан хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгасан уралдаан боллоо. Тодруулбал эрлийз дээд насанд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор түрүүлж /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан/, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Х.Цогтсайханы хээр аман хүзүүнд /“Дүнжингаравын хурд-2017” уралдааны түрүү/, гуравт  Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймаар давхисан/, дөрөвт Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан/, айргийн тавд  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Т.Галбадрахын хээр /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалж наадамчин олныг баясгалаа.

Хангайн бүсийн уралдаанд нутгийн азарга түрүүлжээ

 

“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” наадамд уралдсан 4 насны ангилалд хурдан хүлгүүд тоосоо өргөснөөс Хөвсгөлчүүд нэг түрүү 4 айраг авчээ. Хурдан морины уралдааны азарганы уралдаанд 140 гаруй  хурдан хүлэг тоосоо өргөснөөс  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүлж нутгийн зон олноо баясгав. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн Саран зээрд /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд түрүүлсэн /, гуравт  Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын начин Базаррагчаагийн Сэр-Одын хөх бор. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд есөд хурдалсан /, дөрөвт Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Пүрэвдоржийн хээр,  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, Тагарваагийн Эрдэнэбулганы улаан буурал айргийн тавд /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.

 41 хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс уралдаанд оролцуулсангүй

 

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн хурдан морины уралдааны үеэр аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдүүдийн эрх аюулгүй байдлыг ханган ажиллаж 41 хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс уралдаанд оролцуулсангүй. Тус газраас хурдан морио уралдуулах 231 уяачтай хариуцлагын гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчин стандартын хувцас хэрэглэл өмсүүлээгүй байсан хүүхдүүдийг уралдаанд оролцохыг хориглосон байна. Уралдааны өдөр дулаахан байсны улмаас цас хайлж хальтиргаа үүсч 13 хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргүүлснээс 11 хүүхэд хөнгөн, 2 нь хүнд гэмтэлтэйн улмаас эмнэлэгт хоножээ. Уралдаанаас хасагдсан хүүхдийн дийлэнх нь орон нутгийн уяачдын хүүхдүүд байсан бөгөөд цаашид бэртэж гэмтэх, ямар нэгэн эрсдэлд орохгүйн тулд уралдаанч хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, эрхийг хамгаалж стандартын хувцас хэрэглэлтэй болгох асуудал чухал байгааг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн  газрын дарга Ч.Дашбаяр уяачдад анхааруулж байлаа.

Уралдааны үеэр 200 гаруй цагдаа нар хамгаалалтанд ажиллав

“Дэлтэй цэнхэрийн хурд-2017" Хангайн бүсийн хурдан морины уралдааны хамгаалалтыг Хөвгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хамгаалалтын 1-р газар,Орхон аймаг дахь цагдаагийн газар, Архангай аймаг дахь цагдаагийн газар, Булган аймаг дахь цагдаагийн газар, Хөвсгөл  Аймгийн онцгой байдлын газрын алба хаагч нар хамтарч 200 гаруй алба хаагчид ажиллав. Энэ удаагийн уралдаан нь ямар нэгэн будлиан маргаангүй зохион байгуулалт сайн байна гэдгийг газар газраас зорин ирсэн зочид, уяачид хэлж байлаа. Ялангуяа иргэдийн тоосонд нь орж хөлсийг нь авах гэж хүсдэг соёолон насны морьдын уралдаанд  100 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн бөгөөд гараа болон бариан дээр ямар нэгэн будлиангүй зохион байгуулалт сайн ажиллалаа. Соёолонгийн уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул М.Анарын бор халзан түрүүлж, Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Ш.Мөнгөншагайн зээрд халзан аман хүзүүнд, гуравт  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр дөрөвт  Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан, айргийн тавд  Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн хул тус тус хурдалж хангайн бүсийн наадамд торгон жолоогоо өргөлөө.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ