Марш тактикийн тэмцээнийг хилчин залуус манлайлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас монгол цэргийн өдрийг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд Хилийн цэргийн 0257-р ангийн хилчин залуусын 2 баг эхний байруудад шалгарчээ.
Тэмцээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257-р анги, Зэвсэгт хүчний 321-р ангийн нийт 8 баг оролцож залуус авхаалж самбаагаа сорилоо. Энэ үеэр гарааны өмнөх үзүүлэх сургалт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд, марш тактикийн тэмцээн Мөрөн сумын урд захад болж тамирчид 10 км-т гүйх, буудлага, тодорхой саадуудыг давах зэргээр өрсөлджээ.
Тэмцээнийг зохион байгуулснаар цэрэгжсэн байгууллагын хамт олны мэргэжлийн ур чадвар дээшлэх онцлогтой гэнэ. Энэ удаагийн тэмцээнд эх орныхоо торгон хилийг манаж байдаг Хилийн цэргийн 0257-р ангийн хоёр баг эхний байруудад, Онцгой байдлын газрын баг тамирчид гурав дугаар байрт шалгарчээ.
Б.Гантуяа