Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэлх төслийг хэрэгжүүлэх талаар судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-18 15:06:49

 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт өчигдөр ажилласан байна.

Тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа болон шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой  ажиллажээ. 

Хан-Уул дүүргийн хувьд төмөр замын гарам ихтэйгээс гадна Энхтайваны болон Нарны гүүр хамгийн их түгжрэл үүсгэдэг байна. Дүүрэг, хороод төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр хүргэдэг учир замын асуудлуудыг Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулсан юм. Тодруулбал эл дүүргийн 4,5,6,7,8-р хорооны оршин суугчид ая тухтай амьдрахад Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэлх 4,4 км замын төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Тус автозамын  зургийг хийсэн бөгөөд газар чөлөөлөх асуудлаас болоод хойшлогдсонтой салбарын сайд болон холбогдох албаны хүмүүс  танилцсанаар цаашид хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар судлахаар боллоо.

Мөн Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр хэлэхдээ, “Нийгмийн хөгжлийг дагаад хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэх ёстой. Нийслэлийн нийтийн тээвэр, нийслэлийн автозамын газар 1995 онд Зам, тээврийн яамны харьяа удирдлагаас нийслэлийн удирдлагад шилжсэн. Салбарын яам бодлогын хүрээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдан чиглүүлж ажилладаг ч материаллаг баазыг бэхжүүлэх, гадны орнуудын шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд  бодлогоор хангаж ажиллана” хэмээн илэрхийлэв.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ