Украин дахь Оросын банкны үйл ажиллагааг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2017-03-20 16:56:02

Энэ сарын 13-ны өдөр Украины Киев хотод байрлах Оросын “Сбербанк России” банкны төв оффисыг “Азов”, ”Правый сектор” гэх үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл битүүмжлэн хаажээ.

Тодруулбал тэд банкны хаалга болон бусад хэсгийг бетонон блокоор хааж, тус банкны хэдэн арван бэлэн мөнгөний машин дээр "антироссийский” буюу оросын эсрэг уриа лозунг наан эсэргүүцлээ илэрхийлжээ. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон “Сбербанк России” банкны удирдлагууд тусламж хүсэн цагдаа, хүчний байгууллагад удаа дараа хандсан боловч ямар ч хариу өгөөгүй учир Украины ерөнхийлөгч П.Порошенкод хандаад буй аж.

Украинд оросын хэд, хэдэн банк үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл гуравдугаар сарын 7-ны өдөр тус улсын Одесса хотод байрлах Оросын “АльфаБанк”-ны үйл ажиллагаанд мөн л үндсэрхэг үзэлтнүүд халдсан юм. Ингэхдээ тэд харилцагчдыг тус банкнаас мөнгөө татан авахыг уриалан, банкны цонх хаалга руу чулуу шидэн үйл ажиллагаанд нь саад учруулсан аж.

Дашрамд дурдахад Украины томоохон татвар төлөгчдийн нэг гэгдэх “Сбербанк России” нь жилд 67 сая ам.долларын татвар төлдөг бөгөөд хоёр мянга орчим украин иргэнийг ажлын байраар хангадаг томоохон байгууллага юм.

 

Москва хот

Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ