Сүхбаатар дүүрэгт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-22 17:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн нээлт боллоо.

Энэ үеэр дүүргийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэг, штабын дадлага сургуулийг зохион байгуулав. Иж бүрэн дадлага сургуулийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням удирдан явуулж байна.

Бэлэн байдлын үзлэгт дүүргийн Онцгой комиссын гишүүд, 127 төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 1500 орчим хүн оролцож, хүн нэг бүрийн гамшгийн үеийн бэлэн байдлын үүргэвчинд байвал зохих зүйлүүд болон жагсаалын бэлэн байдлаа шалгуулав.

Маргааш иж бүрэн сургуулийн биет дадлага үргэлжлэх бөгөөд Газар хөдлөлтийн гамшиг Соёлын төв өргөөнд болж, "Газар хөдлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явах юм байна. Мөн дүүргийн 15 дугаар хорооны Зуун модны адагт ой хээрийн түймрийн, мөн хорооны Шадивлангийн гүүрний зүүн хойно усны үерийн цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албад хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаарх сургууль болно хэмээн албаныхан хэллээ.

Б.Гаваа

Холбоотой мэдээ