Ч.Алтантогосхон: Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 60 орчим хувь нь нийслэлд байна
МОНГОЛЫН МЭДЭЭСүүлийн үед бэлгийн замын өвчлөл нэмэгдэхтэй зэрэгцэн өвчлөгсөд улам залуужиж байна гэсэн сэтгэл түгшээсэн мэдээлэл нийгэмд тархаж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Алтантогосхоноос тодрууллаа.
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар их гарч буйг эрүүл мэндийн салбарынхан онцолж байсан. Хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
- Улсын хэмжээн дэх бэлгийн замын халдварт өвчний тохиолдлын 60 орчим хувь нь нийслэлд байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь хүн амын тэн хагас нь амьдарч буйтай холбоотой. Нөгөөтэйгүүр их, дээд сургууль, коллежид хөдөө орон нутгаас ирж суралцаж буй 148 мянга гаруй оюутнуудаас гадна шилжилт хөдөлгөөн их байгаагаас үүдэлтэй сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол буурахгүй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Нийслэлд өнгөрөгч оны байдлаар нийт халдварт өвчний тохиолдол 39517-д хүрсэн нь 2015 оноос 408 тохиолдол буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Үүнийг 10 мянган хүн тутамд тооцвол 12.4 хувиар буурсан гэсэн үг юм. 2014 онд 40 хувийг эзэлж байсан БЗХӨ 2015 онд 22.12 хувь болж буурсан ч өндөр өвчлөлтэй дүүргүүд байсаар байна. Тухайлбал Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэгт өвчний тохиолдол улсын дунджаас өндөр гарч байгаа.
-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Халдварт өвчин дотроо яг ямар өвчлөл нь их байгаа вэ?
- 15-39 насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин зонхилж байна. Тухайлбал нийт өвчлөгсдийн 28 хувь нь заг хүйтэн өвчнөөр, 43 хувь нь тэмбүү, 29 хувь нь трихомониазаар өвчилж байгаа юм. Он гарсаар нийслэлд бэлгийн замаар халдах халдварын 1319 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзэлж байна.
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргүүдийн эмнэлгүүд БЗХӨ-ний тархалтыг зогсооход ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Нийслэлийн бүх дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдвар буюу ХДХВ/ДОХ-ын кабинетууд урьдчилан сэргийлэх, оношлох, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. Мөн 2009 оноос эхлэн Глобал сангийн санхүүжилтээр төвийн таван дүүрэгт “Сэтгэл амар төв” байгуулсан. Эл төв нь эрсдэлт бүлэг болох биеэ үнэлэгчдэд сургалт сурталчилгаа явуулж, бэлгийн замаар халдах халдвар ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаар зөвлөгөө өгч байна. Мөн эрүүл зан үйл төлөвшүүлэх, нийгмийн халамж, тусламж үйлчилгээ үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага өгөх, бэлгэвчний хэрэглээг нэмэгдүүлж, бэлгийн замын халдварыг бууруулах ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлах талаар иргэдэд цогц үйлчилгээ үзүүлдэг. Дээр таван дүүргийн төвүүд ажлын таван өдөр ажиллахаас гадна шаардлагатай тохиолдолд 20-22 цаг хүртэл ажиллаж байна. Тухайлбал уртасгасан цагаар нэг дэх өдөр Баянгол, хоёр дахь өдөр Баянзүрх, гурав дахь өдөр Сүхбаатар, дөрөв дэх өдөр Чингэлтэй, тав дахь өдөр Сонгинохайрхан дүүргийн “Сэтгэл амар төв” ажилладаг.
- Иргэн хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүйн тулд ямар дадал зуршлыг өөртөө суулгах ёстой вэ?
-Бэлгийн замаар дамжих халдвар 30 гаруй нян, вирус, шимэгчээр үүсгэгддэг. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд халдана. Мөн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдээс урагт дамжин халдварлах тохиолдол бий. Түүнчлэн халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариураар дамждаг. Бэлгийн замаар дамжих халдвар авсан тохиолдолд эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөгний дайврын үрэвсэл болон шээсний сүвийн нарийсал үргүйдэл бий болдог. Харин эмэгтэйчүүдэд умайн хүзүү, өндгөвчний үрэвсэл үүсдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд дутуу төрөх, жин багатай хүүхэд төрөх, төрсний дараах хүндрэлүүд гарч байна.
Бэлгийн замаар дамжих халдвараас өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой. Тухайлбал тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орохгүй байх, хосууд бие биедээ үнэнч байх, бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх, бэлгэвчийг зааврын дагуу тогтмол хэрэглэх дадлыг суулгавал БЗХӨ-нөөс өөрийгөө хамгаалж чадна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис болон архины хэрэглээг багасгах, эмнэлгийн бус орчинд зүү тариур хэрэглэхгүй байх нь чухал.
- ХДХВ\ДОХ-ын тохиолдол нэмэгдсээр байна. Хичнээн хүн энэ өвчний халдвар авчихаад мэдэхгүй явааг тандалт судалгаагаар багцаалах боломж бий юу?
- Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тандах судалгааг тасралтгүй хийж байна. Гуравдугаар сарын 14-ны байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын 229 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард бүртгэгдээгүй 457 тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл 50 орчим хувь нь онош нь тодроогүй байх магадлалтай. Ер нь халдвар ямар шатанд байгаагаас үүдэн өвчтөний эмчилгээний үр дүн гардаг. Хожуу оношлогдох тусмаа эмчлэхэд хүндрэлтэй болж насжилт багасдаг. Тиймээс иргэд сайн дураараа шинжилгээ өгч, оношлуулах хэрэгтэй. Өвчний эхний шатанд оношлогдсноор электро вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж урт наслах боломжтой. Гэтэл манайхан мэдэхгүй эмнэлэгт хандахгүй явсаар байгаад ХДХВ биш ДОХ-ын шатандаа оношлогдож амь насандаа аюул учруулдаг.
- Сүүлийн ХДХВ/ДОХ-ын тохиолдол 15 настай хүүхдээс илэрсэн нь нийгэмд нэлээн цочроо өгсөн. ЕБС-ийн сурагчдад энэ аюулт өвчнөөс сэргийлэх талаар сургалт сурталчилгааг хэр явуулж байна вэ ?
-Өмнө нь энэ чиглэлийн сургалт Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлээр ордог байсан. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хичээл нь цөм хөтөлбөрт орж хавсарга байдлаар явж байгаа. Ер нь цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт бэлгийн замаар дамжих халдварт өвчин болоод нөхөн үржихүйн сэдвээр биеэ даасан хичээлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Өнөөдөр сургууль бүхэн эмчтэй. Тиймээс сургуулийн эмчээр нөхөн үржихүйн хичээлийг нь оруулбал үр дүн гарах талаар ярилцаж байгаа.
- Бэлгийн замын халдварт өвчнийг дэвэргэж буй гол хүчин зүйл нь саун, массажны газрууд хэмээх шүүмжлэл бий. Саун массаж нэрийн дор биеэ үнэлэх явдал гаарч, өвчлөлийг нэмэгдүүлж байна гэдэг. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар дээрх газруудад зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Гэхдээ бид он гарснаас хойш дүүргүүдийн бүх буудал, саун, массажны эздүүдэд үе шаттай сургалт зохион байгууллаа. ХӨСҮТ-ийн бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанаас буудал, саун, массажны газруудын ажиллагсдыг зургаан сар тутамд шинжилгээнд хамруулах, бэлгэвчийг ил нүдэнд харагдахуйц газар байрлуулж ажиллах талаар чиглэл өгсөн. Мөн буудал, сауны зөвшөөрөл өгөхдөө бэлгэвчийг байршуулах талаар стандартчлах саналыг “Аялал жуулчлалын газар”-т тавьсан. Ингэснээр жижиг буудал, баар, саун байнгын бэлгэвчтэй болно гэсэн үг. Бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлснээр бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-ын тархалтыг тогтоон барихад чухал нөлөө үзүүлнэ.
Р.Хишигжаргал