Ханбогд сумын Засаг дарга уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба нийт иргэдээ уриалсан байна.
Уг уриалгадаа "Аймгийн нийт нутгаар үргэлжлэн орсон цас, борооны улмаас Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Мандал-Овоо сумд хүнд байдалтай байна. Өнөөдрийн байдлаар 6 сумын 638 өрхийн 274,9 мянган мал бэлчээрлэх боломжгүй, 5 сумын 46 өрхийн 22,2 мянган мал цасанд дарагдсан, 2 сумын 9 өрхийн 4090 мал уруудуулж алдсан, том мал 337, төл 52 нийт 389 мал хорогдсон мэдээтэй дээрх сумдад зудтай, гамшгийн нөхцөл байдал үүсээд байна" гэжээ.
Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань хүндрэл, бэрхшээлтэй байгаа нөхцөлд байгууллага, хамт олноос эхний санаачилга гарч тус сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын ажилтнууд цас зудтай байгаа, малчин ард иргэддээ туслахаар нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
Дээрх сумдад мал их хэмжээгээр хорогдож, мал бэлчээрлэх боломжгүй, цас зудны улмаас байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө малчид хүчин мөхөсдөж байгаа энэ үед цаг зуурын хүндрэлийг даван туулахад аж ахуйн нэгж байгууллагуудын дарга эрхлэгч нарт хандан малчин түмэндээ туслахыг уриалсан байна.
Д.Мишигсүрэн