Эрчим хүч түгээгчид “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч" болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-29 00:37:25

Дундговь/МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн нийгмийн хамгаалалын яамнаас жил бүр шалгаруулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”- ын болзолыг Дундговь ЦТС- ний хамт олон хангаж, улсад хоёрдугаар байрт үнэлэгджээ.

Өөрийн ажил үүргийг гүйцэтгэж явахдаа аюул осол бүхий ямар нөхцөл байдал хаана  үүссэнийг гярхай ажиглаж, хэрвээ  ийм нөхцөл үүссэн бол засах тал дээр дор бүрнээ анхаарч өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Өөрөө хүч хүрэхээргүй бол аюулыг мэдээлэх хуудсаар байгууллагадаа мэдэгдэж, хамт олноороо осол аваарыг цаг алдалгүй арилгадаг. Энэ бол Цахилгаан түгээх сүлжээ байгууллагын ажилчдын дадал хэвшил. Энэ нь тэдний осол авааргүй ажиллаж, эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хамт олон болох үндэс болжээ. Ажлын байран дахь осол авааргүй ажилласан туршлагаараа ч компаныхаа хэмжээнд үнэлэгддэг байна.

Тус байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер С. Намжилмаа ярихдаа, “Өнгөрсөн онд манай байгууллага ажлын бүх байрандаа эрсдлийн үнэлгээ хийгээд аюулыг мэдээлэх хуудсыг хэрэгжүүлдэг болсон. Ажилтан бүр ажлын байранд үүссэн аливаа аюулыг анзаарч мэдээлснээр аюулыг устгаж ажлын байрыг эрсдэлгүй болгож, осол авааргүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Ойрын нэг жишээ гэвэл, нэг дэд станцын тавцан мод өмхөрч хугарах дөхсөнийг манай ажилтан аюулыг мэдээлэх хуудсаар мэдэгдэж, тавцанг нэн даруй сольсон. Хэрвээ тавцан мод хугарсан бол дэд станц нурж, наанадаж олон хэрэглэгчийн  цахилгааныг тасалдуулах, цаанадаж хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүснэ. Энэ мэтээр дор бүрнээ осол аваар үүсэх нөхцөлд гярхай ханддаг болсон” гэлээ.

Дундговь ЦТС нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- ний салбар юм. 70 гаруй ажиллагсадтай. Дундговь аймгийн 9 сум, Өмнөговь аймгийн 1 сумын нийт 6800 гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр хүчээр ханган ажилладаг. Жилд 21 сая.кВт цаг буюу 1.7 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг байна.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ