Өлгий-Карагандын хооронд том оврын автобус явж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/ Өлгий-Караганды-Өлгий чиглэлд том оврын автобус тогтмол цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхэллээ.
Өнөөдрийг хүртэл зөвхөн Казахстан талаас долоо хоногт 1 удаа тус чиглэлд зорчигч тээвэрлэдэг байсан бол Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ болон Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр манай улсын зүгээс Казахстан улс руу зорчигч тээвэрлэх үйлчилгээг давхар үзүүлэх болж байгаа юм. Ингэснээр долоо хоногт 2 удаа тус чиглэлд зорчих боломж нээгдлээ.
Тээвэрлэлтийг Баян-Өлгий аймгийн “Цэнгэл Транс” компани хариуцан гүйцэтгэх юм байна. Үйлчилгээнд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шинэ загварын KIA GRANDBIRD маркын 45 хүний суудалтай автобуснууд явах ажээ. Казахстан улс руу зорчих иргэд Лхагва гараг бүр Павлодар, Астана, Караганды чиглэлд Өлгий хотоос хөдлөх автобусны билетийг Аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээх байранд ирж захиалах боломжтой.
Б.Жасдаурен