Төв, Сэлэнгэ, Булган аймагт түймэр гарч, заримыг нь унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-04-01 15:30:26

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд гурван аймагт ой хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.

Тухайлбал, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Хөндлөнгийн-Эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 40 минутад хүлээн авч тус сумын 20 иргэн, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж 20 цагт түймрийг цурманд оруулсан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Хагархай толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр/03.31/ 12 цаг 15 минутад хүлээн авч тус аймгийн ОБГ-ын 10 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэй, нутгийн 4 иргэн, нэг техник хэрэгсэлтэй тэмцэж өдрийн 14 цаг 25 минутад галыг унтраажээ.

Мөн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Бугант толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 14 цаг 39 минутад хүлээн авч орон нутгийн 10 иргэн, нэг техник хэрэгсэлтэй ажиллаж оройн 19 цаг 30 минутад цурамд оруулсан бол Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16 цаг 45 минутад хүлээн авч аймгийн ОБГ-ын 12 албан хаагч, нэг техниктэй, нутгийн 17 иргэн, гурван техниктэй тус тус ажиллаж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ