Өөрийг нь дагалдан хамгаалж байсан энэтхэг цэрэгтэй Далай лам уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-04-04 10:55:05

БЭЭЖИН. /BBC/. Далай лам 60 жилийн өмнө Түвдээс гарч зугтан Энэтхэг рүү дүрвэх үед түүнийг дагалдан хамгаалж байсан энэтхэг цэрэгтэй дахин уулзжээ.

Эдүгээ 81 насыг зооглоод байгаа Түвдийн шашны удирдагч тэрбээр Энэтхэгийн зүүн хойд нутагт айлчлах үеэрээ 79 настай Нарен Чандра Дастай уулзсан байна.

"Таны царайг хараад би өөрийгөө бас их хөгширчээ гэж мэдлээ" гэж Далай лам хэлжээ.

Хятадын дэглэмийн эсрэг түвдүүдийн бослого дарагдсаны дараа Лхасаас гарч, уулсаар дамжин хоёр долоо хоногийн турш бэдрэн явсны эцэст Далай лам энэтхэг цэрэгтэй анх удаа таарчээ. Энэтхэгийн зүгээс тусламж авах баталгаатай болмогц цэрэг хувцас өмссөн Далай лам цөөн тооны сүсэгтнүүдийн хамтаар хилийн зүг хөдөлсөн байна.

Assam Rifles гэдэг цэргийн хороонд алба хааж байгаад одоо тэтгэвэртээ гарсан Нарен Чандра Дас “манай хорооны 9 дүгээр салааны харуулын цэргүүд Далай ламыг Зутхангвогоос авчирч Шакти /Хятад Бутаны хилийг заагладаг Аруначалпрадеш муж/-д бидний таван хүнд хүлээлгэж өгсөн. Бид түүнийг харуул хамгаалалттайгаар авч яван Тавангд ирсэнийхээ дараа тэндээс Лунглад авчирсан юм” гэж дурсан ярьжээ.

Тэр үед цэргүүд Түвдийн удирдагчтай үг солихыг хориглосон байсан бөгөөд тэдний үүрэг нь аяллын явцад түүнийг хамгаалан дагалдан явах  явдал байлаа. 

Далай лам Нарен Чандра Дас-т хандан, Энэтхэг оронд эсэн мэнд ирэхэд минь дагалдан явсан багийнхны нэгэнтэй уулзсандаа “маш их баяртай” байгаагаа талархан хэлжээ.

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ