И.Маск: Олон дахин ашиглах сансрын хөлөг бол сансар судлалын ирээдүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-04 15:30:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Пуужин үйлдвэрлэдэг "Space X" компанийн тэргүүн, Америкийн бизнес эрхлэгч Илон Маск "сансрын судалгааны ирээдүй бол сансрын техникийг олон дахин ашиглах явдал юм" гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. 

“The Wall Street Journal” сонинд бичсэнээр, "Space X" компани "Falcon 9" пуужинг хөөргөхөд анх удаа угсраа хэсгийг дахин ашигласан, түүнийг тусгай тавцан дээр амжилттай буулгаж чадсаны дараа И.Маск сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дээрх санаагаа танилцуулжээ.

Түүнийг ярьснаар, Ангараг гарагийг эзэмших нь тус гараг руу нисэх нислэгт сансрын хөлгийг олон дахин ашиглаж чадах эсэхээс шууд хамаарна гэж компанийн удирдлага үзэж байгаа аж.

“The Wall Street Journal” сонинд дурдсанаар, шинэ гараг дээр суурьших хүмүүсийг зөөх аварга том сансрын хөлөг нь Ангараг гараг руу хэдэн мянган удаа нислэг хийх ёстой аж. Уг гараг дээрх эхний оршин суугчдын сууринг амьд сэрүүндээ амжиж байгуулахыг хүсч байгаа гэдгээ И.Маск нэмж хэллээ. “Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийн компаниа дампууралд оруулахыг бид хүсэхгүй байна” хэмээн тэрбээр онцлон дурджээ.

Ангараг гарагийг эзэмших санаагаа Илон Маск өнгөрсөн оны 9 дүгээр сард Мексикийн Гвадалахар хотод болсон Олон улсын Одон орны холбооны их хурлын үеэр дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүний үзэж байгаагаар, "Space X" компани Дэлхийд бие даан эргэж ирэх чадвартай, мөн хэд хэдэн удаа ашиглах боломжтой хурдасгуур блокийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Ангараг хүртэлх зайг туулахын тулд капсулыг Дэлхий, Сарны тойрог замд дахин цэнэглэхээр тооцоолж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд шингэн метан, шингэн хүчилтөрөгчөөр ажилладаг пуужингийн "Raptor" гэдэг хосгүй хүчирхэг хөдөлгүүрийг зохион бүтээх ёстой. И.Маскийн компанийн үйлдвэрлэх шинэ пуужин зөөгч нь дэлхий орчмын нам тойрог замд 300-аас 550 тонн ачааг гаргах хүчин чадалтай байх ёстой гэнэ.

И.Маскийн одон орончдын холбооны их хуралд танилцуулсан илтгэлд дурдсаныг үзвэл, хэрвээ нэг удаад 100-200 хүн явуулж байх аваас Ангараг гараг дээр 40-100 жилийн хугацаанд хүмүүс суурьших боломжтой ажээ. Ангараг хүртэлх зайг 80-150 өдөрт туулахаар төлөвлөсөн байна. 

О.Барс

 

 

Холбоотой мэдээ