Ан Сан Су Чи: Лалын шашинт цөөнхийг устгасан гэдэг нь оргүй худал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЕЙПЬИДО./BBC/. Мьянмарын рохинжа гэдэг лалын шашинт цөөнхийг хүчирхийлэн дарамталж, устган үгүй хийх гэж байгаа тухай өргөн тархсан мэдээллийг Ан Сан Су Чи няцаалаа.
Үүний сацуу Нобелийн Энх тайвны шагналт тэрбээр рохинжа үндэстэн голдуу амьдардаг Ракхайн мужид асуудал байгааг хүлээн зөвшөөрчээ.
Гэвч уг үндсээр нь устгана гэдэг бол “хэтэрхий хүндэдсэн” нэр томъёо гээд харин ч Мьянмар улс рохинжа үндэстнийг эргэн ирвэл алгаа дэлгэн угтаж авна хэмээн Ан Сан Су Чи сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
"Устган цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж би бодохгүй байна. Тэнд болж байгаа үйл явдлыг уг үндсээр нь устгах гэж нэрлэж байгаа нь хэтэрхий хүндэдсэн нэр томьёо" гэж Ан Сан Су Чи онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "тэнд дайсагнал оршсоор байна. эрх мэдэлтнүүдтэй хамтран ажиллаж байна гэж үзсэн нэгнийгээ лалын шашинтнууд хороож байгаа. Хүмүүсийн ярьж буйтай адил уг үндсээр нь устгаж байгаа явдал биш, харин хүмүүс хоёр тал болон хоорондоо сөргөлдөж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна"гэжээ.
Рохинжа үндэстний хүмүүс нь Бангладеш улсаас дүрвэн ирсэн хууль бус цагаачид тул Мьянмар буюу Бирм улс тэдэнд иргэншил олгохоос татгалзаж байгаа ажээ. Мөн олон нийт болон албаны хүмүүсийн зүгээс ялгаварлан гадуурхаж байна. 2012 онд олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, хүчирхийлэлд өртсөн хэдэн арван мянган рохинжачууд зугтан дүрвэж, түр зуур амьдрах зориулалттай дүрвэгчдийн хуаранд толгой хоргодож байна.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд 70 мянга орчим рохинжа үндэстний хүмүүс Ракхайн мужид явуулсан засгийн газрын цэргийн ажиллагааны улмаас Бангладеш улс руу дүрвэжээ.
НҮБ тус бүс нутагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг цэргийн ажиллагааны үеэр рохинжа үндэстнийг ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, тамлан зовоосон, алж устгасан эсэхийг тогтооно хэмээн өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Харин Мьянмарын засгийн газар мэдэгдэхдээ "ийм зүйл болоогүй" гэж эрс няцааж байгаа юм.
Х.Сарнай