Лондонд Олон улсын бизнес, соёлын арга хэмжээ болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-07 12:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Британийн худалдааны танхим, Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Лондон бизнес форум ”-ын 6 дахь удаагийн арга хэмжээ 4 дүгээр сарын 05-ны өдөр Лондон хотноо амжилттай болж, хоёр улсын төрийн байгууллагын ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 200 гаруй хүнийг хамрав.

Элчин сайд С.Баяр форумыг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын олон төлөөлөгчид оролцож байгаа нь харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх өргөн боломжийг бүрдүүлж буйг тэмдэглэв.

Форумд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, энэ  чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилт, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хоёр талын хамтын ажиллагаа, Рио Тинто группын гадаад харилцааны албаны захирал Симон Нивен  “Оюу толгой”-н хоёр дахь шатны үйл явц, төсөл хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа  тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулав.

Салбар хуралдаанууд “Монголд хөрөнгө оруулах нь”, “Монголд бизнес эрхлэх нь” сэдвээр болж  Монгол Улсын Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Лондонгийн хөрөнгийн бирж, Британийн “Asia Pacific Investment Partners”, “What3words” компаниуд болон Монголын “Делоитт Онч”, “Thomas Air” компани, “Бизнес мэдээллийн сан”, “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ-ын төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл, санал харилцан солилцов.  Форумын үеэр Элчин сайд С.Баяр Блүүмберг Монголия ТВ-д ярилцлага өглөө.

Энэ удаагийн форумын нээлтийн ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн тухайн өдрийн арилжаа нээх ёслолд оролцов.

Холбоотой мэдээ