ДЭМБ-аас сэтгэл гутралын асуудалд анхаарал хандуулахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-04-08 12:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улс даяар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг уламжлал ёсоор тэмдэглэж олон арга хэмжээ зохион байгуулав.

Энэ жилийн хувьд дэлхий нийтээр “Сэтгэл гутралын талаар хамтдаа ярилцъя” уриаг дэвшүүлж нийгмийн анхаарлыг хандууллаа. Энэ хүрээнд ГХЯ-ны Хүндэтгэлийн танхимд ДЭМБ-аас уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож хэлсэн үгэндээ, Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутралын асуудал нь ямар нэгэн хэмжээгээр хүн бүрт тулгарч байдаг. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан. Харин 2020 онд 15 хувь болж нэмэгдэх хандлагатай гэж ДЭМБ-аас тооцоолсон. Манай улсад хүн амын дунд архи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шалтгаант эмгэг, зан үйлийн эмгэгүүд, сэтгэл гутрах эмгэг, биеийн хэлбэрийн эмгэгүүд түгээмэл оношлогдож байна. Иймд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа ДЭМБ-аас боловсруулан баталсан 2013-2020 оны Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилгыг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах болно” гэж онцлов.

ДЭМБ-аас боловсруулан баталсан уг төлөвлөгөөний зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн таатай байдлыг хадгалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн тусламж үйлчилгээний чанар, эдгэрэлтийг сайжруулах, хүний эрхийг хамгаалахад оршиж байгаа юм. Мөн хүн амын сэтгэцийн өвчлөлийг бууруулах болон хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилготой.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Су Нюунт-У: "Сэтгэл гутрал нь нийтлэг эмгэг бөгөөд өнөөдөр 300 сая хүн сэтгэл гутрах өвчинтэй. Энэ нь дэлхийн хүн амын 4 хувийг эзэлж байна. Өнгөрсөн 10 жилийн дотор сэтгэл гутрах эмгэгтэй хүний тоо 18 хувиар өссөн нь хүн амын өсөлт, насжилт, эдийн засгийн асуудалтай холбоотой. Нас, ажил мэргэжил нийгмийн байдлаас үл хамааран сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй. Иймд сэтгэл гутрал болон түгшилтийн эмгэгийн эмчилгээнд хөрөнгө оруулах нь чухал. Айл гэрээр бол гол эдийн засгийг нь авч явдаг хүн сэтгэл гутралтай боллоо гэхэд тухайн айлын амьжиргаанд шууд нөлөөлдөг. Улс орны хувьд ч мөн адил. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Сэтгэл гутрах эмгэг даамжирвал амь насаа егүүтгэх хүртлээ хүндэрдэг. Иймд улс орон бүр энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Сэтгэл гутралыг эмчлэхэд зарцуулсан 1 ам.долларын өгөөж 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоолол бий. Сэтгэл гутралтай хүмүүсийг ад үзэх үзэгдэл нийгэмд түгээмэл байдаг учраас уг асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатайг онцолж байв.

Манай улсын хувьд нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол хангалттай түвшинд хүрээгүй байна. Аливаа хүн сэтгэл гутралаа тэр бүр анзаардаггүйн улмаас  тусламж  авч чаддаггүй. Өнөөдөр дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэж үздэг. Өсвөр насны хүүхдүүдийн таван хүүхэд тутмын нэгд нь сэтгэцийн асуудал тулгарч байдаг. Ялангуяа өсвөр насны охидын дунд сэтгэл гутрал их тохиолддог байна. Мөн хүүхэд төрүүлсэн зургаан эмэгтэй тутмын нэгд нь сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байна гэсэн судалгааг гаргажээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төв жилдээ 40 мянга гаруй хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд  6000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс сэтгэл гутралын оношийг үзэхэд жилдээ 1800-2000 хүн сэтгэл гутралтай, бусад сэтгэцийн хавсарсан асуудалтайгаар хэвтэн эмчлүүлдэг байна. Монгол Улсад 22 жилийн дараа буюу 2013 онд "Сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгийн тархалтын судалгаа" хийхэд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн судалгаа гарчээ. Нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүр өрх, баг, сум, багийн эмч, нийслэл, аймгийн сэтгэц наркологийн кабинет, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж авах боломжтой. Энэхүү уулзалтын үеэр Монгол дахь сэтгэл гутралын асуудлыг хөндсөн ДЭМБ-ын санаачилга, хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр бодит амьдралаас эрэн сурвалжилж хийсэн баримтат киног сонирхуулсан нь манай улсад сэтгэл гутрал, амиа егүүтгэлийн сүүдэр нийгэмд туссан хурц асуудал болсныг харуулжээ.

 

Дашрамд дуулгахад, Доктор Су Нюунт-У нь ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2012 оны 11 дүгээр сараас ажиллаж байна. Тэрбээр өмнө нь ДЭМБ-ын Филиппин дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан /2007-2012/ юм. Тэрбээр Мьянмар үндэстэн бөгөөд ДЭМБ-д ажиллах гараагаа Номхон Далайн Баруун бүсийн байгууллагад 2000 оноос богино хугацааны Мэргэжлийн зөвлөхөөр эхлүүлж, дараа нь нөхцөл байдлын бодлого, дүн шинжилгээний эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Мөн 2002 оноос Хөгжлийн хорооны эрүүл мэндийн салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчээр болон Захирлаар нь ажилласан /2003-2007 байна. Доктор Су Нюунт-У Мьянмарын Яангонд Анагаахын докторын зэрэг, Их Британийн Лондон хотын Эдийн засаг, улс төр судлалын их сургуульд Эрүүл мэндийн төлөвлөлт, санхүүжилтээр Мастерын зэрэг хамгаалсан. Тэр Куяк Тан мужийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ хариуцсан түшмэлийн албан тушаалыг хашиж байсан. Сьерра Леон улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт НҮБ-ын Сайн Дурынхны байгууллагын Анагаахын асуудал хариуцсан захирал, Малаяагийн Анагаах ухааны Их сургуулийн нийгэм, урьдчилан сэргийлэх тэнхимд лектороор тус тус ажиллаж байжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ