Улиастайн өрх бүр хүнсний ногоо тариалбал өрхийн амьжиргаа дээшилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-10 16:16:49

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын өрх бүр хашаандаа ногоо тарина.

Улиастай сумын ЗДТГ-аас сумынхаа хүнсний ногоотарих сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүй цуврал сургалтуудыг явуулж элит баталгаат үр олгожээ. Өрх бүр үйлдвэрлэгч байж аюулгүй хүнс хэрэглэх зорилгын хүрээнд “Бидний эрүүл хүнс” нэртэй гурван удаагийн сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, ХХААГ,аймгийн тэргүүний тариаланч, ахмад багш Д.Цагаанхүүтэй хамтран Улиастай сумын Иргэний танхимд зохион байгуулсан байна. Энэхүү цуврал сургалтанд 110 иргэн хамрагдаж хүнсний ногоо тариалах, арчлах, боловсруулах, хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын талаарх зөвлөмжийг сонсчээ. Мөн хүнсний ногоо тарих хөрсийг хагалах, усалгаа арчилгаа, сийрүүлэлт, маналт, уриншлах, талаар шинээр ногоо тариалах иргэдэд анхан шатны мэдлэгийг олгожээ. Завханд төмсний астила, солист, гала, импала сортын төмс тариалагддаг бөгөөд иргэд өөрсдийн сонирхсон сортын элит үрийг авах боломжтой юм байна. Дашрамд Улиастай сум нь 5000 орчим өрхтэй бөгөөд дөнгөж 20 орчим хувь нь л хүнсний ногоо тариалдаг ажээ. Өрх бүр хашаандаа хүнсний ногоогоо тариалж сурвал өрхийн эдийн засагт ч сайн, экологийн цэвэр хүнсний ногоогоор хүн ам бүрэн хангагдах боломжтой юм хэмээн сургагч багш нар мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ