Японы талтай Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-22 19:19:53

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгээр Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийн эхэнд өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр энэхүү уулзалтыг товлож, ингэснээр сар хүрэхгүй хугацаанд айлчлалын бэлтгэлийг хангасан гэдгийг салбарын сайд онцоллоо. Сайд Пүрэвсүрэн цааш хэлэхдээ, “Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ улс төрийн харилцааны талаар нэлээн тодорхой ярьлаа. Хоёр жилийн өмнө манай улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж ноён Шинзо Абэгийн Токио дахь гэрээр зочилж байсан. Ер нь манай хоёр орны улстөрийн харилцаа маш сайн байгаа. Энэхүү харилцаа цаашид ч үргэлжлэх болно гэдгийг хоёр талаас нотоллоо.  

Өмнө нь манай хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэтэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай гурван ч хуулийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийж таарлаа. Уг хэлэлцээр нь Монгол Улсын зүгээс чөлөөт худалдааны чиглэлээр хийж буй анхны хэлэлцээр гэдгээрээ онцлог. Өнөөдрийн уулзалтын хүрээнд ч энэхүү хэлэлцээрийг хоёр талаас нотолж ярилцлаа.

Түүнчлэн ашигт малтмалын томоохон төслүүд явах нь чухал байна. Иймд айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн миний бие, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гол нь энд зүүн чиглэлийн төмөр замын асуудал яригдаж байгаа юм. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Тавантолгойн ашиглалт, манай улсын төмөр замын хөгжилд чухал үүрэгтэй.

Дараагийн нэг асуудал бол Монголд нэгэнт хөрөнгө оруулсан японы хөрөнгө оруулагчдад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай асуудлыг ярилцахаар тогтлоо. Бас нэг манай талаас санал болгосон зүйл бол онгоцны буудлын асуудал. Шинэ онгоцны буудлыг японы зээлээр барьж байгаа. Ирэх оны 5-6 сар гэхэд ашиглалтад орох ёстой. Байшин барих нэг асуудал.Үүнийгээ идэвхтэй зөв, найдвартай, ашигтай ажиллуулж байж зээлээ төлөх учир менежментийн асуудал ярьж таарна. Менежмент тал дээр онгоцны буудлаа барьж дууссаны дараа бус барьж байхад нь ярьж эхлэх хэрэгтэй. Энэ тал дээр хамтарч ажиллахаар ярилцлаа. Үүний зэрэгцээ японы санхүүгийн гол агентлагуудтай түлхүү хамтарч ажиллах бололцоотой гэж Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхий сайдтай уулзах үеэр нотолсон.

Нэг чухал асуудал бол энэ оны 5 дугаар сард болсон Азийн төлөв байдлын тухай хурлын үеэр Шинзо Абэ Азид чанартай дэд бүтцийг хөгжүүлэхэд дараагийн 5-10 жилд 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Японы Засгийн газраас оруулна гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ боломжийг бид ашиглах ёстой. Тэр үгэндээ Монголын нүүрсний боломжийг ашиглаад нүүрсийг хийжүүлэхэд японы технологийг ашиглахад бэлэн байна гэсэн. Үүнийг ажил хэрэг болгоё гэдэг дээр ярилцлаа. Бүс нутгийн хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаж ярилцсан. “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ нотоллоо. Монгол Улс анх удаа НҮБ-ын Хүний эрхийн комисст нэрээ дэвшүүлж байгаа. Тус сонгууль энэ сарын 28-нд Нью-Йоркод болно. Энэ сонгуульд манай улсыг Японы тал дэмжихээ илэрхийллээ. Ирээдүйн жилүүдэд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд дэмжинэ гэдгээ Японы тал илэрхийллээ.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эдийн засгийн түншлэл хэлэлцээрийн хүрээнд манай улс хэдэн нэр төрлийн  бараа хямдралтай үнээр гаргах вэ?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр улсын парламент баталсан. Манай улсаас 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй Японы зах зээлд оруулах боломжтой боллоо. Японы талаас 5900 төрлийн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэхэд гаалийн хөнгөлттэй нөхцлөөр нэвтрүүлнэ. Гэхдээ энэ гэрээ тэр дороо хэрэгжинэ гэсэн үг биш. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ойрын 5-10 жилийн хугацаанд гэрээг бүрэн хэрэгжих нөхцлийг хангана. Ингэхдээ шат дараатай хэрэгжүүлэх юм. Манай бүтээгдэхүүний сав баглаа боодол, аюулгүй байдал гэх мэт олон асуудал бий. Энэ бүхнийг японы талын дэмжлэгтэйгээр японы зах зээлд зориулсан, стандартыг нь хангах бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэн нийлүүлэх юм.

Нэмээд хэлэхэд Номхон далайн чөлөөт худалдааны бүст 12 орон хамарч гарын үсэг зурсан. Эдний нэг нь Япон улс. Тэгэхээр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь зөвхөн японы тал ч биш Номхон далайн чөлөөт худалдааны бүст орсон 12 оронтой холбох том үүд хаалга болох ач холбогдолтой.

-Зүүн чиглэлийн төмөр замын төсөл дээр хамтарна гэж байна. Хичнээн км зам барих вэ. Японы тал ямар хэлбэрээр хамтрах вэ?

-Өнөөдрийн гарын үсэг зурсан санамж бичиг дээр хоёр тал сонирхлоо илэрхийлсэн. Юуны өмнө Монгол Улс зүүн тал руугаа эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс зүүн талын төмөр зам дээр ач холбогдол өгч байна. Үүн дээр япон руу нүүрс гаргах боломжийг эрэлхийлж ажиллаач гэсэн сонирхлоо манай улсын төрийн тэргүүнүүдийн зүгээс илэрхийлсэн. Энэ дагуу Японы тал судалж үзье гэлээ. Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүртэл 455 км замыг маш тодорхой болгоё. Үргэлжлүүлээд зүүн талын аймгууд руу төмөр зам яаж явах вэ гэдэг дараагийн шатны судалгаа хийх байх. Хэрэв Японы талаас Тавантолгойг сонирхох юм бол нэг улстай ажиллах биш бусад оролцоог хангана. Ер нь аливаа хамтын ажиллагаа харилцан үр ашигтай байх ёстой.

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ