Монгол инженерүүдийн бүтээсэн эко автобус үйлчилгээнд явна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Төгс төгөлдөр үйлс” ХХК, “Экологбус” ХХК Баянхонгор хотноо эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгууллаа.
Ингэснээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан зорилт биелэлээ олж байна. Тус заалтуудад Баянхонгор суманд нийтийн зориулалттай “Эко автобус” явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр туссан.
“Экологбус” ХХК-ийн бүтээсэн Эко автобус энэ оны долдугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн төвд үйлчилгээнд явж эхлэх юм. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн J-800EV-3 загварын автобус нь цахилгаанаар явдаг тул байгаль орчинд ээлтэй, орчны болон агаарын бохирдол үүсгэдэггүй гээд олон давуу талтай. Нийтдээ найман эко автобусыг “Төгс төгөлдөр үйлс” ХХК-д эзэмшүүлэх замаар нийтийн тээвэрт явуулна. Нийтдээ 243 сая төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр шийдэх аж. Зээл гурван жилийн хугацаатай, жилийн хүү нэг хувь хүртэл байхаар байна.
Сонирхуулахад, Эх орондоо автобус үйлдвэрлэж буй “Экологбус” ХХК автобус нэг бүрийн үнээс 10 хувийн хөнгөлөлтийг Баянхонгорт үзүүлж байгаа аж.
Б.Мөнхзул