Нийгмийн даатгалын нөхөн төлөлтөд хамрагдаж амжаагүй 3000 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-11 20:27:17
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 оны есдүгээр сарын дөрөвны өдрөөс мөрдөгдөж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 22 мянган иргэн хамрагджээ.

Тэгвэл уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хүчингүй болсон юм. Харин нөхөн төлөлтөд хамрагдаж чадаагүй 3000 гаруй иргэн үлдсэн байна. Төв аймагт жилдээ шинээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй 1100 гаруй иргэд байдаг бөгөөд өнгөрсөн оны эцэс гэхэд аймгийн хэмжээнд 12542 иргэн тэтгэвэр авсан байна.

Шинээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй иргэд ажилласан жил нь хүрэхгүй тохиолдолд өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандаж зөвлөгөө авсны дагуу шаардагдах материалаа бүрдүүлэхийг аймгийн ЭМНД-ын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Т.Чинзориг хэллээ.

Иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 34.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, тэтгэврийн даатгалын санд 37 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ