Эрчим хүчний маргаан шийдвэрлэх байнгын комисс байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээрт эрчим хүчтэй холбоотой гомдол иргэдийн дунд тасардаггүй. Цахилгааны үнэ илүү бичсэн, тоолуур буруу ажилласан, эзэнгүй байхад тог таслаад явчихсан, тогны хэлбэлзлээс шалтгаалж цахилгаан бараагаа шатаасан зэрэг гомдол Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд үргэлжилсээр байна.
Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн а/137 дугаар захирамж гарч, эрчим хүчээр хангагч болон хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх, зохицуулах байнгын комисс байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд эрчим хүчнээс шалтгаалж хохирсон иргэдийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллах юм.
Б.Батчимэг