“Ризо” шингэн бордооны үйлдвэр нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-12 19:52:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймаг дахь Ургамал Газар Тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд “Гарааны био ундарга” ХХК-ийн “Ризо” шингэн бордооны үйлдвэр байгуулагдаж нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд болон тус хүрээлэнгийн захирал З.Нэргүй нар оролцож хүндэтгэлийн туузыг хайчлав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс болсон байгаль экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэж тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулахад био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай. Тиймээс УГТЭШХ-гээс санаачлан хэрэгжүүлж буй “Бордоо” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хоёр удаа хэлэлцэн баталсан нь шийдвэрийн үр дүнд орон нутгийн төсвийн дэмжлэгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо” хэмээн онцлов. 

Мөн үеэр тус хүрээлэнгийн захирал З.Нэргүй: “Ризо” шингэн бордоо нь бүх төрлийн таримлыг бордох зориулалттай төдийгүй таримлын ургацыг нэмэгдүүлж импортыг орлож үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой шинжлэх ухаанд суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн юм. Тухайлбал жилд 250 сая төгрөгийн өртөгтэй 100 тн  бактерийн шингэн бордоо нь Дархан-Уул аймгийн 19010 га талбайд тарих ургамалд шаардагдах эрдэс бордооны хэрэгцээг орлох боломжтой” гэж ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ