Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-18 13:43:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл”-ийн анхдугаар  хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Шадар сайд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн удирдлага, олон нийтийн хүч, оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх гол арга зам юм”   хэмээн тодотгов.

Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 оны 01 дүгээр сард  Улсын Их Хурал шинэчлэн баталж,  “Төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” хэмээн зааж өгсөн юм.

Мөн “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.5, 24.3, 39.4 зүйлд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх үүргийг тодорхой тусгасан байдаг.

Тиймээс  засгийн газрын зүгээс МУЗН-ийн Хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн төвшинд байгуулж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Шадар сайдын 2016 оны 46 тоот тушаалаар  баталж, МУЗН-ийн төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульчлан баталсны дагуу МУЗН нь 2017 оноос эхлэн төсвийн дэмжлэг авч эхлэх юм.

Одоогийн байдлаар Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл 13аймаг,  3 дүүрэгт байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд  Орон нутгийн төсвөөс 170 сая 250 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх аж.

Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Шадар сайд, зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  хуульд заасан хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ Монголын улаан загалмай нийгэмлэг идэвхи, санаачилгатай биелүүлж байгааг  онцлоод, зөвлөлийн гишүүдэд үүрэг өгөв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ