Монгол Улсад 126 хөгжлийн бодлогын баримт бичиг мөрдөж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-19 17:25:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, УИХ-ын 2015 оны 105 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын даргын мэдээллийг сонсов.

Үндэсний хөгжлийн газраас Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна. Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж байгаа аж. Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулах, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн яам, ҮХГ- хамтран байгуулсан. Хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбогдуулан яамдаас 30 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг авч байна хэмээн ҮХГ-ын дарга  Б.Баярсайхан танилцуулгынхаа эхэнд дурдлаа.

Тэрбээр, “УИХ-ын 2015 оны 105 дугаар тогтоолоор Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийг холбогдох хуульд нийцүүлэх ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх чиглэл өгсөн.

Энэ хүрээнд 1990 оноос хойш батлагдсан, өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг судлан, урьдчилсан жагсаалт гаргасан. 1990 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд хөгжлийн 412 бодлогын баримт бичиг баталснаас 126 нь хүчинтэй байна. Үүнээс УИХ-ын тогтоолоор баталсан 51, Засгийн газрын тогтоолоор баталсан 75 баримт бичиг байгаа юм” гэлээ.

Түүний мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загвар буруу байгаа. Тиймээс ч ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн олон улсын загварын шинэ хандлагад нийцүүлэх шаардлагатай. Үүнд ҮХГ чухал үүрэгтэй” хэмээв.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаас ҮХГ-ын үйл ажиллагааг дээшлүүлэх, дээрх мэдээлэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгууллаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ