Дунд хугацааны үнэлгээний тайланг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-24 12:16:57

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хурал өчигдөр боллоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар оролцов. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф төслийн дунд хугацааны үнэлгээний тайланг танилцуулсан. Тус төсөл 2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжсэн ба төслийн зорилго нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх явдал юм. Түүүнчлэн орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох улс төрийн дэмжлэг, санхүүгийн хөшүүрэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэгдэх бөгөөд төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг  сургах сургалтыг, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх зэрэг сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавх бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Дэд суурин төлөөлөгч Томас Эриксон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Гүйцэтгэх захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцож, талууд төслийн үр дүнгийн болон зорилго, зорилтуудын талаар харилцан санал солилцлоо.

Холбоотой мэдээ