Э. Идэржавхлан: Эх орондоо мөнгөн медаль зүүж ирсэндээ баяртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-21 12:14:06
Дундговь/МОНЦАМЭ/ Германы нийслэл Берлин хотноо болсон Easter Cup Moabit тэмцээнээс Монгол Улсын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид мөнгө, хүрэл медаль зүүсэн. Тамирчид өчигдөр эх орондоо ирсэн байна. Мөнгөн медаль зүүж ирсэн тамирчдын нэг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Э. Идэржавхлан юм.
Тэрээр өнгөрөгч хоёрдугаар сард U-14 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багт оролцон тоглож, тэмцээний алтан медаль, мөн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн бөгөөд ХБНГУ- ын Берлин хотод болсон энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн тоглох эрхийг авчээ.
-       Сайн явж ирэв үү?
-       Сайн явлаа. Өчигдөр эх орондоо бууж, шууд аймагтаа ирлээ.
-       Тэмцээний тухай сонирхуулаач?
-       Easter Cup тэмцээн 43 дахь жилдээ болж байгаа юм билээ. Монголын баг анх удаа оролцсон. Эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг тоглосноос эрэгтэй 2 баг мөнгө, хүрэл медальтай ирлээ. Олон улсын тэмцээнээс эх орондоо медаль авчирсандаа баяртай байна
-       Хэдэн орны хэдэн багтай тоглоо вэ?
-       Тэмцээнд гучаад орны баг тамирчид оролцсон. Манай багийн тоглосон  U14 насны ангилалд 12 баг байсан. Манай багийн хувьд хэсгийн таван тоглолт хийсэн. Тавууланд нь Германы багтай тоглосон. Дөрвийг нь хожиж, талбайн эзэн Берлины багт хожигдсон.
-       Аль хэр онооны зөрүүтэй байв?
-       Берлины багт 3 оноогоор хожигдсон. Харин нөгөө багуудаа бид 10- аас дээш оноогоор хожсон. Манай багийг Улсын тэргүүний 83- р сургуулийн Д. Лхагваа багш дасгалжуулж, Улаанбаатар хотын 86- р сургуулийн сурагч Б. Ган- Эрдэнэ багаа ахалсан. Миний хувьд 3 номертой, довлогчийн байрлалд тоглосон.
-       Алтан медалийн төлөө аль багтай өрсөлдөв?
-       Монголынхоо 2- р багтай тоглоод 14 онооны зөрүүгээр хожиж, тэмцээний аваргын төлөө хэсэгтээ хожсон Берлины багтай тоглоод 5 оноогоор хожигдон мөнгөн медаль зүүсэн дээ.
-       Өрсөлдөгч багийн ур чадвар хэр санагдав?
-       Бид бэлтгэлээ маш сайн хангасан. Улсын аваргын тэмцээний араас л бүтэн сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Тийм болохоор ч тэр үү, Европын тамирчдын ур чадвараас манайх илүү юм шиг санагдсан. Гэхдээ нурууны чац л дутагдаж байсан.
 
 Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ