Олон улсын Букерийн шагналын товч жагсаалтыг Лондонд зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-21 17:19:56

ЛОНДОН. /TASS/. Англи хэлээр бичсэн утга зохиолын шилдэг бүтээлүүдэд олгодог Олон улсын Букерийн шагналын "шорт-лист"-ийг зарлалаа.

Уг жагсаалтанд өмнө нь "урт жагсаалт"-ад багтаад байсан 11 орны 13 зохиолчоос зургааг нь шалгаруулан оруулжээ. “Товч жагсаалт”-д Францын зохиолч Матиас Энар "Compas" романаараа орсон ба тэрбээр уг бүтээлээрээ 2015 онд Гонкуровын шагнал хүртэж байжээ.

Түүнээс гадна Израилийн зохиолч Давид Гроссман /A Horse Walks Into a Bar/, түүний эх орон нэгт Амос Оз /Judas/ нар ялах магадлал өндөр байна. Түүнчлэн Норвегийн зохиолч Рой Якобсен, Данийн Дорти Норс, Аргентины Саманта Швеблин нарын нэрс "товч жагсаалт"-ад багтсан байна.  

"Бидний гаргасан "товч жагсаалт" нь хорвоо дэлхийд өөрийн байр сууриа олох гэсэн дахин давтагдашгүй хувь хүний дүрийг тодотгож буй гайхалтай романуудыг багтааж байгаа юм” гэж шүүгчдийн багийн ахлагч Ник Барли онцлон дурдлаа.

Олон улсын Букерийн шагналыг 2004 онд бий болгож, хоёр жил тутамд олгож байна. Уг шагналыг 50 мянган фунт стерлингийн /64 мянган доллар/ мөнгөн шагнал дагалддаг байна. Бичсэн номоо англи хэлээр орчуулан олны хүртээл болгосон хэн ч бай энэ шагналын төлөө өрсөлдөх эрхтэй юм. Энэ шагнал нь 1969 онд бий болгож, Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын зохиолчдод жил бүр олгодог Букерийн шагналаас өөр шагнал юм.

Шагналын эзнийг 6 дугаар сарын 14-нд Лондон хотод тодруулна.
О.Барс 
 

 

 

 

 
 

Холбоотой мэдээ