Өвөрхангай аймаг махны үйлдвэрлэлээр Америк, Хятадтай хамтарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ “Жаст Агро” ХХК-ийн 2012 онд байгуулаад, үйл ажиллагааг нь явуулалгүй дампууруулж орхисноос болж зургаан жил хаалттай, банкны барьцаанд байсан Мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар боллоо.
Үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын Гүйжөү мужийн Мах үйлдвэрлэгч холбоо болон Америкийн махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч томоохон компани хамтарч байгаа юм.
Өвөрхангай аймгийн удирдлагууд 2016 оны 9 сараас эхлэн БНХАУ-ын Гүйжөү мужтай хамтын ажиллагаа тогтоож эхэлсэн бөгөөд махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх чиглэлээр олон удаагийн уулзалт хийж байсан нь биеллээ олж байна. Тодруулбал тус мужийн Хай Чүэн махны үйлдвэрийн удирдах зөвлөлийн гишүүд манай аймагт ирж, ажил хэргийн уулзалт зохион байгуулж байсан бол аймгийн төлөөллүүд Гүйжөү мужид очиж байв. Мөн сар шинийн баярын өмнөхөн аймгийн Засаг дарга Г.Ганболд тус мужид очиж мах боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар уулзаж ярилцаад ирсэн юм.
Түүнчлэн 4 сарын 19-ний өдөр Гүйжөү мужийн Мах үйлдвэрлэгч холбооны гишүүд, Хоол үйлдвэрлэгч сүлжээ рестораны төлөөлөл, Америкийн махны үйлдвэрлэл бүхий компаний төлөөллүүд Өвөрхангайд хүрэлцэн ирж, “Мах Маркет” мах боловсруулах үйлдвэртэй танилцан тодорхой шийдвэрт хүрээд байна.
Хөрөнгө оруулагчид ирэх сараас эхлэн Мах боловсруулах үйлдвэрийг өргөтгөж, засвар үйлчилгээ хийх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Орон нутгаас хорио цээрийн хамгаалалтын бүс болгож, 2000 га газрыг шийдэж өгөхөөр болжээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээр малыг худалдан авч тодорхой хугацаанд эрүүлжүүлсний дараа нядлан Хятадын зах зээлд нийлүүлнэ.
Уг үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газар дэмжиж байгаа ба 3 тэрбум төгрөгийн барьцаанд байсан Мах боловсруулах үйлдвэрийн барилгыг өрөөс чөлөөлж, орон нутагт шилжүүлээд байгаа аж.
Б.Батчимэг