Гар урлалын бүтээгдэхүүн борлуулах нэгдсэн цэгтэй болох хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-24 18:42:48
Архангай /МОНЦАМЭ/. Аймаг орны удирдлагуудаас салбар бүрт гарч байгаа шийдвэр бүрт иргэдийн оролцоог хангасан, тэдний санал хүсэлт туссан байх тусам бодит хөрсөн дээр үр дүнтэй хэрэгждэг гэдэг үүднээс Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Энэ уулзалтын гол зорилго нь аймгийн төвд хийгдэх томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилт, аялал жуулчлалын чиглэлээр хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид ямар байдлаар хамтарч ажиллаж болох тал дээр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээс санал авлаа.

Тэд аймгийн удирдлагууд энэ мэт сар бүр иргэдтэйгээ уулзаж, хийсэн, хийх гэж байгаа ажлуудаа ярьж байх нь зүйтэй гэдэг саналыг нэгэн зэрэг илэрхийлж байлаа. Мөн дээрээс нь цагаан идээний үйлдвэрлэл, хүнсний ногооны зэрэг улирлын чанартай ажлуудыг дөрвөн улирлын турш явуулах боломжийг нээж өгөх, аймгийнхаа брэнд болсон талх, нарийн боовны хүнсний үйлдвэрийг ажиллуулж, дэмжиж тогтмолжуулах, үйлдвэржилтийн хүрээнд МСҮТ-өө түшиглэн мэргэжилтнүүдээ одооноос бэлтгэх, хүнсний болон малынхаа эрүүл мэндэд нэн даруй анхаарч ажиллах, дулаан болон цэвэр усны үнийг бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэх зэрэг олон санал хүсэлтүүдийг хэлж, асуултандаа хариулт авлаа.

Харин аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, аж ахуйн нэгж, гар урлал хийдэг иргэд бүр малчид хүртэл хамтарч ажиллах нь чухал гэдгийг иргэдээс хэлж байна. Мөн аялал жуулчлалын улиралд гар урлалын бүтээгдэхүүн зарж борлуулах нэгдсэн цэгийг судалж, шийдвэрлэж өгөхийг хүссэн саналыг аймгийн Засаг дарга хүлээн авч, судалж, шийдвэрлэж болох талаас нь харж дэмжинэ гэдгээ хэлэв.  

Б.Гэрэлт-Од
 
Холбоотой мэдээ