Амар тайван орчин бүрдүүлэх уриалга тээсэн цом аялж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-24 21:17:54
Дундговь/МОНЦАМЭ/ Гэмт хэрэг зөрчилгүй, амар тайван орчин бүрдүүлэх уриалга бүхий аяны цом, дэвтэр өнөөдрөөс эхлэн 15 суманд аялж эхэллээ. Цом, дэвтэр хүлээн авсан сумын ИТХ, ЗДТГ гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг харъяа нутаг дэвсгэртээ олон нийтийг хамруулан зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Үүнийгээ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд дор бүр нь тайлагнах юм байна. Ийм маягаар зөвхөн сумд биш төрийн бүх байгууллагуудад аяны цом, дэвтэр аялан саатна.
Аяны дэвтэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль эрх зүйн болон бусад мэдээ мэдээллийг багтаасан байна. Цом, дэвтэрийг сум, байгууллагууд дэвтэрт бичсэн хуваарийн дагуу шилжүүлэн явуулах бөгөөд ингэхдээ дэвтэр дэхь мэдээллийн бүрэн байдлыг нягталж байх, цэвэр нямбай ашиглах, мөн цомыг гэмтэхээс хамгаалах, дараагийн суманд хүлээлгэн өгөхтэй холбоотой зардлыг хариуцах зэргээр хэд хэдэн үүргийг хүлээж байгаа ажээ.
Аян ийм маягаар 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд сум, байгууллага бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль тогтоомж, бодлого шийдвэр, бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг алба хаагч, иргэд хамт олноороо судалж мэдсэн байх, сумаараа, хамт олноороо гэмт хэрэг зөрчилгүй, архи тамхины хэрэглээгүй болох хөдөлгөөн өрнүүлэх, гудамж талбай, гадна орчныхоо гэрэлтүүлгийг сайжруулж, хяналтын камер дохиоллын системтэй болох олон нийтийн эргүүлийг ажиллуулж хэвшүүлэх зэргээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэд хэдэн ажлыг зохион байгуулахыг аяны удирдамжид зааж өгчээ.
Аяны цом, дэвтэрийг Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ анхлан хүлээн авав.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ