Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр” 60 жил ажиллах нөөцтэй

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2017-04-26 14:55:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” компани 100 хувь төрийн мэдэлд шилжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тус үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн нөөц, татвар төлөлтийн байдал зэрэг сэдвээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд ажлаа хүлээж авсан. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ирээдүйн төлөвлөгөөг 10 жилээр гаргадаг байсныг 15 болгохоор ажиллаж байгаа. 40 жил тогтвортой, тууштай ажиллаж байгаа үйлдвэрийн төлөвлөгөө 10 жилээр гарах нь хэт богино гэж үзсэн.

-Ирэх жилүүдэд нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэн тэргүүнд уурхайн нөөцийн судалгааг нарийвчлан хийж эхэлсэн. Эрдэнэт овоонд анх олборлолт хийж эхэлснээс хойш 370 метр ухсан байна. Цаашдаа дахиад 300 метр ухаж, олборлолт явуулах боломжтой гэсэн судалгаа бий. Үүнийг нэмэгдүүлнэ.

-Одоо хэдэн жилийн нөөцтэй байна вэ?

-Намайг ажилд авахад 39 жил ажиллах нөөц үлдсэн байсан. Нөөцийг нэмэгдүүлэх эхний шатны судалгаагаар 60 жил олборлолт явуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Үргэлжлүүлэн судалж байна. 

-“Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес цэцэглэсэн гэсэн асуудал байнга хөндөгддөг. Шахааны бизнесийн эсрэг хэрхэн тэмцэх вэ?

-Би төр, нийгмийн итгэлийг хүлээж энэ ажилд томилогдсон. Тиймээс шахааны бус шил толь шиг ил тод Эрдэнэт үйлдвэр байхын төлөө ажиллана. Энэ бол миний төдийгүй манай байгууллагын бүх хүмүүсийн хүлээх үүрэг. Үүнийгээ ч биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа болон бусад цаг үеийн байдалтай холбоотой сэтгүүлчдэд тодорхой давтамжтай мэдээлэл өгдөг болох талаар ч ярилцаж байна.

-Одоо “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын нөлөөлөл бий юу?

-Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн хугацаад Монгол, ОХУ-ын хамтарсан компани байсан. Одоо манай үйлдвэрт 270 орос мэргэжилтэн ажиллаж байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд зөвхөн эрдэс баялгийг олборлох бус орон нутгийн иргэдийн нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж ирсэн. Тиймээс бид ОХУ-ын мэргэжилтнүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Өөрөөр хэлбэл, шууд халаад явуулчихаж болохгүй гэсэн үг. Тодорхой үе шаттайгаар нутаг буцаах талаар Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 01 гэхэд 120 хүнийг нь буцаана.

Мөн манай үйлдвэрийн бүрэлдэхүүнд орос цэцэрлэг, сургууль ажиллаж байна. Цэцэрлэгт нь 250, сургуульд нь 500 орчим Монгол хүүхэд сурч байгаа. ОХУ-ын иргэдийн хүүхэд цөөхөн. Сургууль, цэцэрлэгийг хэвийн ажиллуулснаар хүүхдүүдээ багаас нь орос хэл сургах ач холбогдолтой байдаг тул хаахгүй байхыг манай ажилтнууд хүссэн.

-100 хувь төрийн мэдэлд шилжсэнээс хойш гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт орж байгаа юу?

-Манай үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүн экспортод гардаг. Мөн гол тоног төхөрөмжүүдээ импортоор авч байна. Тиймээс гадаад харилцаа бидний хувьд тун чухал. Саяхан дэлхийд зэсийн баяжмалын үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улсын төрийн өмчит компанийн удирдлагуудтай уулзсан. Цаашдаа хамтран ажиллах талаар ярилцах болно.

-Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллана гэсэн. “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн хэмнэлт хийж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг хувийн орон сууцаа тохижуулсан, албаны автомашинаа шинээр сольсон зэрэг мэдээлэл гарсан байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн захирал LX-570 маркийн автомашин унадаг байсан. Өмнөх захирлын унаж байсан машиныг өөр газарт шилжүүлэх шийдвэр өнгөрсөн оны 11 сарын 20-нд Төрийн өмчийн бодлолго зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас гаргасан юм билээ. Үүнтэй холбоотойгоор намайг ажил авсны дараа өмнөх захирлын машиныг аваад, шинийг өгсөн юм. Би сард гурван сая төгрөгийн цалин авдаг. Үйлдвэрийн мөнгөөр тансагласан асуудал байхгүй.

-ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор таны цалинг 24.5 сая төгрөг гэсэн мэдээлэл өгсөн?

-Тэр хүн ямар үндэслэлээр тийм мэдээлэл хийснийг би мэдэхгүй.

-Үйлдвэрийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монгол зэс” корпораци худалдаж авсны дараа байгуулагдсан ТУЗ Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч тус тусдаа ажлын албатай байх зохицуулалт хийсэн. Үйлдвэр нэгдсэн бодлоготой ажиллах ёстой тул нэгдүгээр орлогчтойгоо ярьж байгаад ажлын албаа нэгтгэсэн. Ажлын албанд долоон зөвлөх ажиллаж байгаа. Энэ хүмүүс надад зөвлөхөөс илүү цех, хэлтэс, албадын ажлын уялдаа холбоог хангах, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг тухай мэдээлэл гарсан байна. Тийм биш. Зөвлөх дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Хуулийн дагуу дотоодын иргэдэд ам.доллараар цалин олгох хориотой. Дээр дурьдсан ОХУ-ын 270 гэрээт ажилтан л ам.доллараар цалинждаг.

-Үйлдвэрийн үйл ажиллагаанд хүндрэл учирч байна уу?

-Тулгамдаж буй асуудлуудаа шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 1990 онд БНКазУ-д 10 сая ам.долларын зэсийн баяжмал нийлүүлсэн. Энэ мөнгийг авах асуудал 20 гаруй жил яригдсан. ГХЯ-тай хамтран БНКазУ-тай хэлэлцээр хийсний дүнд зэсийн үнэ, инфляци зэргийг тооцоод 20 сая ам.доллар авах болсон. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” Швейцарийн “MRI Trading AG” фирмд зэсийн баяжмал нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн асуудал яригдаж, Анлийн банкуудад хадгалж байсан 20 сая ам.долларыг битүүмжилж, эргэлтэд оруулах боломжгүй болоод байсан. “MRI Trading AG” фирмтэй тодорхой хэлэлцээр хийсний дүнд 20 сая ам.доллараа эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж чадлаа.

Мөн Өмнөд Африкийн "Стандарт" банктай холбоотой асуудал бий. Үүнийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Он гарсаар Эрдэнэт үйлдвэр хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ. Ашигтай ажиллаж байгаа юу?

-Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлж, 84 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татвараа хуулийн дагуу хагацаандаа төлж байгаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ