НӨАТ-ын баримт олгодоггүй байгууллагуудтай хариуцлага тооцохыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-28 12:11:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Иргэдэд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, худалдааны төвүүдийг хуулинд заасан дээд хэмжээгээр торгож, хариуцлагыг чангатгахыг аймгийн Засаг дарга Г.Ганболд Татварын хэлтсийнхэнд үүрэг болголоо. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар Татварын хэлтсээс НӨАТ-ын баримт олголтын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ хүрээнд Засаг дарга ийнхүү үүрэгдсэн юм.
Аймгийн МШУТ-ийн 70321111 утсанд аж ахуйн нэгж, худалдааны төвүүдийг НӨАТ-ын баримт олгохгүй байгаа талаар иргэд гомдол тавьсаар байгаа юм. Энэ хүрээнд Татварын хэлтсээс гэнэтийн шалгалт хийхэд Ууган, Молор, Болор, Сангийн далай, Баялаг, Малчин зэрэг 21 дэлгүүр, худалдааны төвүүд баримт хэвлэж өгөх машинаа суурилуулаагүй, иргэдэд баримт хэвлэж өгөөгүй байсан тул хугацаатай шаардлагыг өгсөн байна. Мөн татварын улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй Ачлал, Андууд, Хүрээ, Арвин зэрэг худалдааны зургаан төвд 2,8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Шуурхай хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “НӨАТ-ын баримт олгож байгаа газрууд нь баримтаа цаг хугацаанд нь олгоогүй гэдгээрээ өчнөөн торгууль хүлээж байна. Тэгвэл НӨАТ-ын баримт огт олгохгүй байгаа газруудад ямар хариуцлага ноогдуулах юм, Албан тоот, шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа байгууллагуудад ямар арга хэмжээ авах юм бэ? Өгсөн нь хохироод өгөөгүй нь хожоод байгаа юм бишүү” хэмээн тодотгон асуулаа. Татварын хэлтээс энэ асуултанд тодорхой хариулт өгөөгүй учраас НӨАТ-ын баримт олгодоггүй байгууллагуудад хуулийн хүрээний хамгийн дээд торгуулийг оногдуулж, цаашид авах арга хэмжээгээ тодорхой болгоод дараагийн шуурхай хуралдаан дээр дахин мэдээлэл өгөхийг үүрэг болголоо. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу НӨАТ-ын баримт олгоогүй иргэнийг 240-720 мянган төгрөг, ААНБ-ыг 720-960 мянган төгрөгөөр торгох ба захиргааны хариуцлага авчихаад байхад дахиад баримт олгохгүй байвал тухайн сарын борлуулалтын орлогын 2 хувиар торгууль ногдуулахаар заажээ.
2016 онд аймгийн хэмжээнд 822 иргэн НӨАТ-ын баримтнаас сугалаанд хонжвор хожсон байна. Нэг иргэн 20 сая, хоёр иргэн 4 сая, дөрвөн иргэн 500 мянга, 800 иргэн 20 мянган төгрөгийн хонжвор авчээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлого нь 50 сая төгрөгийн босго хүрсэн 5 иргэн, 6 ААН-ийн НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгүүлжээ.  Аймгийн хэмжээнд татвар төлөгч 724 аж ахуйн нэгж, байгууллага байдаг байна. Татварын хэлтсээс хууль хэрэгжиж эхэлсэн 2016 онд НӨАТ-ын шинэчилсэн найруулгын тухай 11 удаагийн сургалтыг 1028 иргэнд зохион байгуулсан бол 2017 онд татвар төлөгч байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, хяналт тавихад анхаарч ажиллаж байгаа аж.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ