“Үдийн цай”-нд багагүй зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-29 16:30:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас аймгийн хэмжээнд 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээ эрүүл мэнд, боловсрол, эрүүл ахуй, мал үржил, мал эмнэлэг, хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр хийж эхэллээ.  
Энэ удаагийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон, Орхонтуул сумын Рашаант тосгод болон Сүхбаатар, Алтанбулаг, Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат сумдуудад хамрагдсан байна. Шалгалтаар Баруунбүрэн сумын сургууль, цэцэрлэг, Хушаат, Сант, Сүхбаатар сумын 5, 6-р сургууль, 6-р цэцэрлэг орон тооны эмчгүй, Сайхан сумын 1-р сургуулийн эмчийн эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, чанар аюулгүй байдал нь алдагдсан хүнсний ногоо хэрэглэж байсан. Сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолонд хэрэглэгддэг малын мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй боловч шинжилгээнд хамрагддаггүй, мөн бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийгдээгүй, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт нь дутуу, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл байхгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Түүнчлэн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийг сургуулийн захирал эцэг эхчүүдэд тогтмол тавьж санал хүсэлтийг нь авдаггүй байсан байна. Мөн Сайхан сумын 1-р сургуулийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан буфетэнд шаардлага хангаагүй хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж.
Тус төлөвлөгөөт хяналт шалгалтанд 77 байгууллага, аж ахуйн нэгж, зөвлөн туслах үйлчилгээнд 45 байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагджээ. Шалгалтын явцад 575 зөрчил дутагдал илэрсэнээс 180-г нь газар дээр нь арилгуулж, зөрчил дутагдлуудыг арилгуулах талаар улсын байцаагч нар 87 албан шаардлагыг өгч, биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн аж.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ