Өндөр байтай барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-01 19:42:11
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд П.Аюуш арслангийн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийг 3 сая, үзүүр бөхийг 2 сая, их шөвгийн бөхийг тус бүр 1 сая төгрөгөөр тус тус байлах юм байна.
"Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрбээр 1946 онд 6 давж улсын заан болсон бол 1947 онд 6 давсан, 1949 онд 9 давж түрүүлэн арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 онд 5 давж байжээ.
П.Аюуш
 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлаж шууд босч яван, цолыг нь олгоогүй аж. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон байна. 
Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөө­лийг ч хохироосон юм” гэжээ. 
Аюуш арслан 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхдийн хамт шилэгдэн ирж, нисэхэд цэргийн алба хааж байхдаа яармаг, голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх тодотголтой болжээ.
П.Аюуш арслан хөдөө орон нутагт амьдарсаар 1980-аад оны орчим насан өөд болжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн байна.
                                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ