Өмнөговийн НАМЭХ салбар зөвлөлүүдээ шинэчлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 22:18:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-г шинэчлэн даргаар нь Ж.Сайнжаргалыг сонгосон билээ. Энэ удаа тэрээр аймгийнхаа 12 сумаар тойрч  салбар зөвлөлөө шинэчлэн байгуулжээ.

Тус аймгийн НАМЭХ-ноос сумдын салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах, нэгдмэл, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй, Булган, Мандал-Овоо, Ханхонгор, Цогтцэций, Ханбогд, Номгон, Цогт-Овоо суманд ажиллан, ээлжит чуулган зохион байгуулсан байна.
Мөн сумын салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, хяналтын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Чуулганд оролцсон төлөөлөгчдөөс сумын салбар зөвлөлийн даргаар сонгогдсон шинэхэн дарга нартаа НАМЭХ-ны тамга, тугийг гардуулсны зэрэгцээ дурсгалын тэмдэг, гарын авлага материал, гишүүний үнэмлэх зэргийг өгчээ. 
Салбар зөвлөлийн чуулга уулзалт хийж хариуцах эзэнтэй, хамтран ажиллах тэргүүлэгч, гишүүдтэй болгосон нь дараа дараагийн ажлаа хийхэд дөхөм болж байгаа юм. Чуулга уулзалтуудын үеэр орон нутгийн бүсгүйчүүд рүү чиглэсэн, тэднийг олноор хамруулсан төрөл бүрийн сургалт явуулж мэдлэг мэдээлэл олгохоос гадна амьдрах ухаан ухаарал, урам өгсөн ярилцлага, олон нийтийн үйл ажиллагаа үгүйлэгдэж байгааг онцолсон байна. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ